sonin.mn

МСНЭ, “Практикал” даатгалаас санаачилсан сайн дурын даатгалын үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Энэхүү "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын гэрээ байгуулах, гарын үсэг зурах ёслол өнөөдөр “Практикал” даатгалын байранд болов.

Өнгөрсөн сард болсон "Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-д байр эзэлсэн сэтгүүлчдийг уг даатгалд хамрах эрхийн бичгээр шагнасан юм. Энэ удаа "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын эрхийн бичгээр шагнуулсан нэр бүхий 18 сэтгүүлч тус даатгалд үнэ төлбөргүй хамарч байна. Тухайлбал, “”Өнөөдөр” сонины сэтгүүлч Л.Ганчимэг, “Эх орон” телевизийн найруулагч Д.Ариунболд, “Аист Монголиа” телевизийн хамтлаг авьяаслаг сэтгүүлчээр тодорсон юм.

Уг даатгалын нэг жилийн хамгаалалтын дүн нь 5 сая төгрөг бөгөөд нийт 18 сэтгүүлчийг даатгалд хамруулж байгаа нь 90 сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бүрдэж байна. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ, “Сэтгүүлчдийг даатгалд хамруулж байгаа нь хэвлэл мэдээллийн салбарт оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт, дэмжлэг болж байна. Сэтгүүлчдэд зориулсан гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ өмнө нь байгаагүй. Анх удаа өргөн хүрээтэй, сэтгүүлчдэд таатай нөхцлөөр, эрсдлээс хамгаалах даатгалын үйлчилгээг санаачилж бий болгосон Практикал даатгалын хамт олонд МСНЭ-ийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.  

“Практикал даатгал” ХХК-ийн захирал Ч.Даваажав, “Сэтгүүлчийг Монгол Улсын аль ч нутаг дэвсгэр дээр ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон 24 цагийн турш гэнэтийн санамсаргүй байдлаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлаар нөхөн олговор олгодог ач холбогдолтой даатгал. Таны авсан нөхөн төлбөр нэг удаагийн тохиолдлоор дуусгавар болохгүй бөгөөд даатгуулсан өдрөөс хойш бүтэн жилийн хугацаанд даатгалын хамгаалалтаа дуустал хэдэн ч удаа нөхөн төлбөр авч болно” хэмээн онцлов.

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар хэвлэл мэдээллийн салбарынхныг уриалан сайн дурын даатгалд хамран, гэрээ байгуулсан юм.

Энэхүү даатгалын жилийн хураамж 50 мянган төгрөг бөгөөд нөхөн төлбөрийг ажлын 5 хоногт багтааж үйлчлэх аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг