sonin.mn

Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

Батлан хамгаалах салбарын хэмжээнд 110 гаруй эрдэмтэн бэлтгэсний 70 гаруй нь БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлөөс дэмжүүлэн төрсөн юм. Ойн энэ өдөр 2015 онд туурвисан батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. 

“Батлан хамгаалах судлал” чиглэлээр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж нарын хамтран туурвисан “Цэргийн нэр томьёоны тайлбар толь” ном, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатар, дэслэгч М.Түмэнбаяр нарын зохион бүтээсэн “Авто, хуягт танкийн техникийн цахилгаан шалгах багаж” бүтээлийг шалгарчээ. Мөн “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа О.Жамбажамцын “Цэргийн буудлагын зэвсэглэлийн түргэн хараалагч”, Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн багш Э.Төгөлдөрийн “Тэнгэрийн элч-агаарын тандан судалгааны төхөөрөмж” бүтээлүүд тусгай байранд шалгарсан байна.

Шалгарсан бүтээлийн эзэд, ном зохиогчдод өргөмжлөл, мөнгөн шагналыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар гардуулан өгсөн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол Улсын шинжлэх ухааны салбар,эрдэм номын арвин их сан хөмрөгт хүндтэй байр эзэлдэг цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанч үндэслэлээр хангаж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Олон зуун жилийн баялаг түүхтэй цэргийн эрдэм судлал нь цэргийн ялан дийлэхийн ухааныг боловсруулж, удирдлага, цэргийн урлагийн ухаантай хосолсон онол, практикийн нэгдлээр илэрлээ олдог онцлогтой. Үндэсний цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн цэргийн тангарагтаа үнэнч үе үеийн эрдэмтэн судлаачид, өнөө үеийн манай оюуны манлай эрдэмтдээ Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, оюун билиг, бүтээл авъяас тань ундран дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье" гэв.

Өнөөдөр БХИС цэрэг, Батлан хамгаалах, аюулгүй байдал судлалаар магистр, докторын сургалт явуулж хамгаалуулах зөвлөл ажиллуулж эхэлснээс хойш даруй 20 жил болжээ.  Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ, БХИС, ХХЕГ-ын удирдлагууд батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудад шагнал гардуулан өгсөн юм.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг