sonin.mn

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг ирэх сарын 16-нд чуулгынхаа тайзнаа тоглоно.

Тус балетыг  “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьсан нь Монгол ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул болсон юм.

Энэхүү балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ.

Уг балет “Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн “Эхлэл хэсэг” хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар үхэх тавилан оноогдсон бүсгүйн “Агуу их-ариун бүжиг”-ээр төгсөнө.

Зохиолч 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан тус балетыг анх бичсэн бол энэ удаад Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм.

Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч СТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, УГЗ удирдаач Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найрлыг удирдан тоглуулна.

Тоглолтын тасалбар 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Улаанбаатар чуулгын билетийн касс болонwww.monda.mn-ээр худалдаалж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг