sonin.mn

ПАРИС. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Францад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар төлөвлөсөн байна. Ингэснээр тэд сүүлийн хоёр жилд хоёр дахь удаагаа уулзах юм гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордноос мэдэгдэв.

Өмнөд Солонгос болон ОХУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгосын хойгийн байдал болон бусад асуудлаар төрийн хоёр тэргүүн хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн тэдний хэлэлцэх асуудлын нэн тэргүүнд Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр орж байна.

Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож, хариуд нь тус улсад улс төрийн буулт хийж, эдийн засгийн тусламж үзүүлэх зорилготой урт хугацаанд зогсонги байдал байгаа зургаан талын хэлэлцээнд ОХУ оролцсон билээ.

Хамгийн сүүлд 2008 онд болсон уг хэлэлцээнд хоёр Солонгос, Япон, БНХАУ, АНУ оролцсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр хоёр тэргүүн уулзах юм.

Путин Пактай уулзахаар 2013 оны 11 дүгээр сард Өмнөд Солонгост айлчилж байжээ. Мөн өнгөрсөн 9 дүгээр сард Бээжин хотноо болсон цэргийн парадыг хоёр тэргүүн зэрэгцэн сууж сонирхсон байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг