sonin.mn

СИНГАПУР. /straitstimes/. С.Одонтуяаг Монголын УИХ-ын гишүүн гэдгээр нь монголчууд мэдэх боловч “Сентоза”-гийн Одонтуяа гэдгээр нь илүү сайн мэдэх байх.

“Сентоза” гэдэг нь түүний 15 жилийн өмнө Сингапурын гурван түншийн туслалцаатай байгуулсан хоолны бизнесийн нэр нь юм.

1990-ээд онд бизнесийн санаа хайхаар Сингапурт тэрбээр анх зочилсон бөгөөд Сингапурын “Orchard Road” гудамжинд байрлах хүнсний мухлагт байсан тахианы махтай будаанаас түүний бизнес эхлэлтэй ажээ.

Би Сингапур руу явах болгондоо тэр будааг амсдаг бөгөөд амт чанар, хэмжээ алдагдаагүй яг хэвээрээ байдаг гэж Монгол-Сингапурын парламент хоорондын найрамдлын бүлгийн дарга тэрбээр хэлснийг “The Straits Times” уламжлав. Өнгөрсөн лхагва гарагт “Fullerton” зочид буудалд болсон “Midas Touch Asia-Mongolia Xchange” бизнес форумд илтгэл тавьсан гол хүн тэр байсан юм.

Нэгэн дээвэр дор маш олон төрлийн хоол байх санаа түүнд гайхалтай санагдаж, улмаар Монголын нийслэл Улаанбаатар хотод тийм хоолны газар нээжээ.

Манай хоолны газар Сингапурын хоол хийхэд зориулагдаагүй ч гэсэн “Сентоза” гэж нэрлэснээр Сингапурын бүтээгдэхүүнтэй холбоотой чанар, мэдрэмжийг илэрхийлэх болов уу гэж найдаж байсан тухайгаа тэрбээр дурдсан байна.

"Монголд том, үнэтэй ресторанууд байсан боловч дундаж амьдралтай хүмүүсийн ордог дунд түвшний хоолны газар байгаагүй. Хоолны газар байгуулах нь жижиг санаа байж болох ч Монголчууд юунаас суралцаж, Сингапураас хэрхэн туршлага хуримлуулахаа мэддэг хүмүүс. Миний амжилт Сингапуртай салшгүй холбоотой бөгөөд би үүнд маш сэтгэл хангалуун байдаг" гэж тэрбээр хэлэв.

Зургаан жил өнгөрсний дараа тэрбээр бизнесийн хуучин түнштэйгээ уулзаж, Гуанжоу мужийн үндэсний хоолонд орж, оройн зоог барьсан байна. "Гэвч энэ удаад хоолны газрын бизнес лав биш" гэж тэрбээр хошигнов.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг