sonin.mn
НИТХ-ын тогтоолоор Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, 5244 м2 талбай бүхий хоёр давхар, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай  2698 м2 эзэмшил газартай барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн асуудал нийгмийн анхаарлыг татсан сэдэв болоод байсан билээ. Тэгвэл өчигдөр уг дуудлага худалдаа Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгуулагдлаа. 
 
Энэ барилгын газрын доод үнэ долоон тэрбумаас эхэлсэн бөгөөд худалдаанд есөн санал иржээ. Тодруулбал, Таванбогд групп, Капитрон банк, “Bluemon” ХХК гэсэн байгууллагууд оролцсон.
 
Харин Хас банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаар удирдуулсан залуус нийгмийн сүлжээнд нэгдэн мөнгө цуглуулж дуудлага худалдаанд орохоор болсон ч ямар нэг учир шалтгаан хэлэлгүйгээр дуудлага худалдаанд ороогүй юм. Харин энэхүү дуудлага худалдаанд Кувейт улсад төрсөн, 2012 онд Монгол Улсын иргэн болсон Абдул Карим гэгч оролцож, 24 тэрбум төгрөгөөр худалдан авлаа. 
 
Мөн өнөөдрийн дуудлага худалдаагаар “Автобус-3” НӨҮГ–ын барилга байгууламжууд, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг худалдах байсан ч санал ирээгүй учир зарагдсангүй. Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газар эртнээс л дуулиан тарьсан. 
 
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний ах дүү амраг садан энэхүү барилгын хувьчлалын асуудалтай нэр холбогдож улмаар “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатар, Н.Энхбаяр нар энэ барилгаас болж ял сонссон юм. Дуулиан дагуулсан, хотын А зэрэглэлд хамгийн ашигтай байрлалд буй энэхүү барилгын газрыг монгол иргэншилтэй гадны иргэн авсан нь нийгмийн сүлжээнд олон янзын таамаг яриа гарахад хүргэсэн юм. 
 
Абдул Каримын цаана Мон-Ураны Б.Наранхүү байгаа юу 
 
Ийм таамаг яриа цахим ертөнцөөр тарсан гэхэд болно. Энэ газар дээр Б.Наранхүү Кувейт найзтайгаа хамтран 68 давхар “Mongol tower” барина гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг албаны хүн баталж чадаагүй. 
 
Түүнчлэн, Абдул Каримыг Араб, Казах гэсэн олон янзын таамаглал гарсан бөгөөд юутай ч 30 жил Монголд амьдарсан, монгол эхнэртэй, 2012 онд Монгол Улсын иргэн болсон Кувейт улсын иргэн гэдэг нь тодорхой болсон юм. 24 тэрбумаар авсан газраа ямар барилга байгууламж барих талаар сэтгүүлчид асуусан ч ямар нэг тодорхой тайлбар өгөлгүйгээр гарч одлоо. Харин зарим албан бус мэдээллээс тэрбээр гэрэлт цамхаг барина хэмээн мэдэгдсэн гэсэн юм. 
 
Цахим сайтуудаар “Хумбаа” гэх компани Абдул Каримыг  Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн онд дуудаж байсан ч эл хэрэг хэрэгсэхгүй болж байсан талаар шинэ мэдээлэл цацсан билээ. 
 
Ч.Ганхуяг: Залуус бид нэгдэж чадвал юу бүтээдэг вэ гэдгийг харууллаа 
 
“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа хамтдаа  хөрөнгө босгож тус барилгыг худалдаж авах санаачлага гаргасан нь нийгмийн сүлжээнд анхаарал татаж байшаа. Сая төгрөгтэй, 10000 сая төгрөгтэй залуус түүнийг санаачилгыг дэмжиж, улмаар дансандаа мөнгө хуримтлуулж эхэлсэн юм.
 
Олон залуусын санаачилгаар худалдан авсан газраа доороо үйлчилгээтэй, дундаа оффистой, дээрээ зочид буудалтай “Blue Sky” шиг барилга барихаар төлөвлөж байсан аж. Харамсалтай нь 24 тэрбум төгрөг бүрдээгүй учраас залуусын мөрөөдөл талаар болов.
 
Цөөхөн хэдхэн хоногийн хугацаанд цахим хуудсаар нэгдсэн залуусыг мөнгийг Ч.Ганхуяг өчигдрөөс эхлэн буцаан өгч эхэлсэн юм. Энэ дуудлага худалдаанд дандаа үндэсний компаниуд оролцсон ч тэд дуудлага худалдааны үеэр бүгд тус тусдаа үнэ хэлж, ханшийг нь өсгөсөн бөгөөд харамсалтай нь хэнийх нь ч бяд хүрээгүй билээ. 
 
Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудсандаа “Энэ удаагийн газар хувьчлалын тендерт бид оролцох боломжгүй боллоо. Иймд тохирсон ёсоор та бүхний халуун сэтгэл, хязгааргүй их итгэл шингэсэн мөнгийг эргүүлэн шилжүүлж өгөх ажлыг эхлүүлж байгааг дуулгая. Та бүхний итгэл, зүтгэлийг харж би хагартлаа баярласан гэдгийг нуух юун. Баярлалаа, сайхан сэтгэлтэй Монгол ахан дүүсдээ.
 
Би цаашдаа ч та бүхний итгэлийг дааж ажиллаж, амьдрахыг хичээж ажиллах болноо. Энэ удаагийн үйл явдал маш богино хугацаанд өрнөж өнгөрлөө. Дөрөвдэх өдрийн үд дундаас эхэлсэн ажил гэхэд бид энэ улсын өмч хувьчлалын түүхэнд гарч байгаагүй далайцтай хэлэлцүүлэг өрнүүлж, интернет орчны харилцааны хэрэгсэл болох Фэйсбүүкийн хэрэглэгчдийн анхаарлыг хандаж байгаагүй зүгт чиглүүлэн нэг шугаманд жагсч чадлаа. Би та бүгдээрээ үнэн сэтгэлээсээ бахарлаа. Бид бүгдээрээ бахархсан байх гэж бодож байна.
 
Бидний энэ хоёр гурван өдрийн ажлын үр дүнгээр Марк Зукербэрг, Уоррэн Баффет ч бахархахаар байсан шүү, залуус аа. Яахав, бид энэ удаад амжсангүй. Бидний урам хугарсан, сэтгэл гонсгор байж магад. Гэхдээ бид гунихгүй ээ. Эсрэгээрээ, энэ үйл явдал бидэнд том боломжийг харууллаа гэж бодож байна.
 
Бид хамтраад уухайлан дугтарвал ямар их боломжтойг, ганц хүний үл барах ажлыг гүйцэлдүүлж болдог гэдгийг баталлаа. Энэ бол ирж буй шинэ цагийн эхний дохио. Бидний өмнө хийх маш их ажил байна. Монгол хүн улс орныхоо баялгийн эзэн байх ёстой гэж тунхаглах биш тэрний төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ. Ярьдаг биш хийдэг цаг 
 
Б.Тогтох
Эх сурвалж: "Монголын мэдээ"