sonin.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд “Шийдлийн цаг” уулзалтаар Эрчим хүчний сайд Д.Зоригт болон Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзаад, тодорхой үүрэг өгсөн байна.

Өмнө нь эрчим хүчний систем 80 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол сүүлийн жилүүдэд энэ салбарт хийсэн ажлын үр дүн, өргөтгөлөөс хамаараад алдагдал багатай болсон. Үндсэндээ энэ жилийн хувьд алдагдал тэг болсон. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах үүднээс эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийх боломжтой гэж үзсэн юм.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээний эрчим хүчний системийн 76 орчим хувь нь төвийн эрчим хүчний системд хамаардаг. Үүнээс гэр хорооллын хэрэглэгч нэлээд хувийг эзэлдэг. Тиймээс шөнийн тарифын үнийг бууруулаад хэрэглээг нэмэгдүүлэх юм бол тодорхой хэмжээгээр агаарын бохирдол буурна гэсэн судалгааг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл цахилгааныг нүүрсний оронд хэрэглэнэ гэсэн үг юм. Ялангуяа гэр хорооллын хэрэглэгчдэд 11, 12, 1, 2, 3 дугаар сард хөнгөлөлт үзүүлэхээр болж, 21 цагаас өглөөний 06 цаг хооронд цахилгаан хэрэглэж дулаанаа хангадаг бол цахилгааны төлбөр 50 хувь буурах юм. Дээр нь цахилгааны энгийн тоолуурыг тарифт тоолуураар солих шаардлагатай. 

Түүнчлэн тариф хямдруулсан тогтоол өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө. Шөнийн тариф 77,10 төг/кВт.цаг байгаа бөгөөд 50 хувиар бууруулсан тохиолдолд 38,55 төг/кВт.цаг болж буурч байна. Тарифийн бууралтын улмаас 5 тэрбум төгрөгийн алдагдал үүсэх ч үүнийг зохицуулах боломж бол бий гэж үзсэн" гэлээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”