sonin.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулав. УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм.

Ингэснээр анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.