sonin.mn
151201-2
 
 
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр чуулганд нийт 195 орны 50 мянган төлөөлөгч, түүний дотор 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна.
 
 
Өчигдөр нээгдсэн тус чуулганаар улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг болж буйг хүлээн зөвшөөрч, түүнийг шийдвэрлэх үүднээс дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт бүхий олон улсын эрх зүйн баримт бичгийг тохиролцож батлах чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлж эхэллээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг чуулганы хүрээнд зохион байгуулсан төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож, дэлхийн дулаарлыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд хөгжиж буй орнуудад хангалттай хөрөнгө санхүү, техникийн туслалцаа үзүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нэг хүн амд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг тогтоож, ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр татвар төлөх зарчим нэвтрүүлэхийг уриалав.
 
Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга Моргенс Ликкотофт болон зарим улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж олон улсын тулгамдсан асуудлаар санал солилцлоо.