sonin.mn
Монголын хөрөнгийн биржийг таван тэрбум төгрөгөөр хувьчлахаар ирэх оны төсөвт тусгажээ. Тиймээс энэ хувьчлалтай холбогдуулан үнэт цаасны “Новел Инвестмэнт” компаниас төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.АНГАРТАЙ ярилцлаа. 

-Хөрөнгийн биржийг таван тэрбумаар хувьчлахаар төсөвт тусгасан нь хэтэрхий бага үнэ биш үү?

 -Уг нь УИХ-аас баталсан төрийн өмчийг хувьчлах жагсаалтаас Монголын хөрөнгийн биржийг хасаад, ашигтай ажиллаж байгаа юм чинь энэ жилдээ харъя гэсэн шийдвэр гарсан. Гэтэл ирэх оны төсөвт энэ байгууллагын хувьчлалаас таван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байгаа юм. Үүний учрыг сайн ойлгоогүй л байна. Тун саяхан бид хотын А зэрэглэл буюу хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр хувьчилсан.
 
Гэтэл Монголын хөрөнгийн бирж хэвлэх үйлдвэрийн газрын хажууд барилгатай, үйл ажиллагаа явуулж буй бизнестэй, баг бүрэлдэхүүнтэй. Ийм байхад таван тэрбумаар хувьчилна гэж тусгах нь эргэлзээ төрүүлэх үндэслэл мөн. Гэхдээ яг таван тэрбум төгрөгөөр худалдана гэсэн ойлголт биш л дээ. Энэ үнээс дээшлээд хэдэн ч төгрөгт хүрч болно. Хамгийн гол нь Хөрөнгийн бирж мөнгөтэй л бол хэнд ч хамаагүй худалдчих байгууллага биш.
 
Гэтэл өмнөх туршлагаас харсан ч, өнөөгийн нөхцөл байдлаа бодсон ч энэ хувьчлал мөнгөтэй, цөөн хэдэн хүний хүрээнд болох магадлалтай байна. Тиймээс монголчууд өөрсдөө нэгдэж, өмчдөө эзэн болох боломж байгаа юм. Тодруулбал, хувьчлалд оролцох хүсэлтэй Монгол Улсын иргэн бүр 100 мянга буюу түүнээс дээш төгрөгөөр нэгдэж, олон нийтийн санхүүжилтийг бүрдүүлэх шаардлагатай болж байна. 

-Та бүхний хэрэгжүүлэх төсөл энэ хувьчлалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ гэж ойлгож болох уу? 

-Хэвлэх үйлдвэрийн хувьчлалын үр дүнгээс харахад олон нийтээс энэ төрлийн санхүүжилт татах ажил богино хугацаанд амжилттай хэрэгжсэн. Гэсэн хэдий ч цаг хугацаа хэтэрхий давчуу байснаас хангалттай мөнгө цуглуулж чадсангүй. Үнэнийг хэлэхэд олон нийт ч энэ тухай хангалттай мэдээлэл авч чадаагүй байлаа. Харин Хөрөнгийн биржийн хувьчлалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд хангалттай цаг хугацаа байна гэж харж байгаа.
 
Тухайлбал 50 мянган хүн тус бүр 100 мянган төгрөгөөр Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд гар бие оролцох боломжтой. Тиймээс иргэн бүр бидний санаачилсан төсөлд хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр нэгдсэнээр энэ байгууллагыг 100- 150 тэрбумаар хувьчлах боломжтой гэж харж байгаа.

 -Олон мянган хүнд итгэл төрүүлж байж, хөрөнгө босгох нь мэдээж. Харин итгэж өгсөн мөнгийг яаж эрсдэлгүй хамгаалах вэ?

 -Бид бүх зүйлээ тэг (0)-ээс эхэлнэ. Энэ хувьчлалтай холбоотой шинэ компани байгуулна. Хүмүүс энэ төсөл чинь “Монгол 999”- өөс юугаараа ялгаатай вэ гэж асуудаг. Харин бид дүрэм журмаа боловсруулахдаа бүх зүйлийг нарийн тусгаж өгөх юм.
 
Олон мянган хүний мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, санхүүгийн ил тод байдлыг чухалчилна. Хувьчлал болох хүртэл иргэдээс татсан хуримтлалаа Засгийн газрын бондод хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулна. Мөнгө гэдэг өөрөө үнэ цэнэтэй. Тиймээс хөрөнгө оруулагчдын мөнгийг эрсдэлгүй өсгөж, өндөр өгөөжтэй байх менежментийг хариуцан ажиллах болно. Мөн хувьцаа эзэмшигч өөрийн хүсэлтээр энэ төслөөс гарах боломжийг ч хангана. Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчид хадгаламжийн хүүгээс өндөр буюу найман хувийн өгөөжийг тооцон олгоно.
 
Үүнийг дүрэмдээ суулгаад өгөх юм. Нэмж хэлэхэд энэ төслийн хэрэгжилтийн явцад менежмент, үйл ажиллагааны зардал зэргийг хуримтлалаас авахгүй. Энэ бүхэнд иргэдийн итгэл хэрэгтэй. Тиймээс итгэл төрүүлэхийн тулд дэлхийн хамгийн том аудитын арван компанийн нэгээр хөндлөнгийн хяналтыг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн.

 -Тэгвэл хувьчлалд оролцсоноор тухайн иргэн хэдий хэр хугацаанд ямар хэмжээтэй өгөөжийг хүртэх вэ?

 -Өгөөжийг олон зүйлээр тодорхойлж болно. Маш товчхондоо, тухайн иргэний 100 мянган төгрөгөөр худалдаж авсан нэг ширхэг хувьцаа гурван жилийн дотор хоёр сая төгрөг хүртэл өсөх ч боломж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа өнөөгийн байгаа хэмжээнээс хэд дахин өсөх боломжтой гэсэн үг л дээ. Хувьчлалд олон иргэн хамрагдах тусам Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон нийтийн хяналттай болгох, нөгөө талд ашигтай ажиллах хэрээр оруулсан хөрөнгө өсөх нь тодорхой.

 -Төсөл яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? 

-Энэ сарын дундуур эхлэх төлөвлөгөөтэй байна.

 -Та энэ байгууллагыг жил гаруй хугацаанд удирдсан. Хөрөнгийн биржийг хөгжүүлэх чиглэлд яг ямар ажил хийсэн бэ?

 -Би энэ байгууллагыг 15 сар удирдсан. Намайг ажил авч байх үед Хөрөнгийн бирж дампуурах нь нэгэнт тодорхой болчихсон байсан. Монгол Улсын Хөрөнгийн бирж цалингаа тавьж чадахгүй байгааг хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид мэдвэл зах зээлд ямар байдал үүсэх нь ойлгомжтой биз дээ.
 
Монголд хөрөнгө оруулах, хувьцаа худалдаж авах гадныхны итгэл найдвар талаар болох байсан. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаж биржийг Сангийн яамны харьяанд өгсөн юм билээ. Ингээд сарын дараа хэмнэлтийн горимд шилжиж, бүхий л зардлаа танаж, хассан. Ажилтнуудынхаа цалинг 30 хувиар бууруулсан. Дан ганц зардлаа бууруулснаар асуудлыг шийдэхгүй учир шинэ бүтээгдэхүүн оруулж ирэхгүй бол болохгүй байсан. Хувьцааг хүмүүс тоохоо больж, зарагдах нь ч ховор байлаа. Тиймээс хүн бүрийн сонирхдог бүтээгдэхүүнтэй байлгах зорилт тавьсан.
 
Энэ нь Засгийн газрын үнэт цаас арилжих явдал байсан юм. Улмаар энэ ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн ч энэ зам дардан байгаагүй. Монголбанкны зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, шинэ бүтээгдэхүүн учраас зах зээл бэлэн байсангүй. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүн, эрсдэлгүй, татвараас чөлөөлөгддөг учраас эрэлт байсан. Хөрөнгийн бирж сардаа 40-50 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан түүх байхгүй. Үндсэндээ Засгийн газрын үнэт цаасыг арилжиж эхэлсэн нь сэргэлт авчирсан. 
 
Д.Ганбаатар
Эх сурвалж: " Монголын үнэн" сонин