sonin.mn
Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нийгмийн сүлжээнд анхаарал татсан сэдэв болоод байгаа.
 
Улстөрчдийн талцал хуваагдлын шалтгаан болж буй ч улс орны хэмжээнд зайлшгүй хийх ёстой энэ том шийдвэр өнөөгийн танхимд тухалж буй 76 хүнийг хэн нь хэн бэ гэдгийг нэг ёсондоо харуулж буй. Дордохын долоон өөрчлөлтөөр эхэлсэн эцэг хуулийн зөрчил, засаглалын хямралд хүргэж буй том өөрчлөлтийг хийх хүсэл сонирхол энэ танхимд буй 76 хүний хэдэд нь байна вэ гэдэг нь бас л сонирхол татах сэдэв.
 
Монгол Улсын Үндсэн хууль 23 жилийн өмнө батлагдахдаа тийм төгс төгөлдөр байсан уу гэвэл тийм биш. Суурь үндэс нь сайн болсон ч жил тутам өөрчлөгдөж буй нийгмийн хөгжил, хүмүүсийн сэтгэхүй оюуны хөгжлийг зарим талаараа гүйцэж чадахгүй хоцрогдож байсан гэдгийг судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.  
 
Тэр тусмаа олон намын тогтолцоотой манайх шиг улс оронд эрх мэдлийн хуваарилалт олон хүнд хуваагдсан нь өнөөдрийн энэхүү хямралт нөхцөл байдлыг бий болгож, 25 жилийн хугацаанд 14 удаа Ерөнхий сайд томилж, Төрийн сэнтийд суусан гурван хүн эрх мэдлээ булаалдаж, 76 хүний харцаар Засгийн газрын үйл ажиллагаа явж ирлээ.
 
Өнөөгийн бүрдсэн танхим өнгөрсөн дөрвөн жилд юу хийж бүтээв, ямар том хуулийн автор болсон парламент байсан бэ гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс шалтгаалж мэдэх билээ. 25 жилийн түүхэнд давтагдаж ирсэн сандал суудлын томилгоо, эд хөрөнгө, баялаг, уул уурхайн орд газрын томилгоо, түүнийг тойрсон мөнгөний асуудлаар энэ парламент хангалттай хугацаанд улстөржлөө, бас хэрэлдэж, тээг садаа тавьж ирлээ.
 
Өнгөрсөн гурван жилийн үр дүнг эргээд харахад УИХ-д онцолж дурьдахаар том хууль, нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудлаар шийдэл олоогүй нь харагдаж байгаа юм. Тиймдээ ч эрх үүрэг нь дуусах гэж буй энэ богинохон хугацаанд талцаж хэрэлдэж сөрж гацаах бус ойлголцол зөвшилцлийг өмнөө тавьж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийх нь хамгийн чухал зүйл болоод байна.
 
Гурван жилийн хугацаанд улс төрийн намууд бүхий л асуудлаар талцаж хуваагдлаа, бас шантааж хийсэн. Улс төрийн хоржоонтой тоглоомоор хангалттай наадлаа. Нэг Засгийн газар огцруулж, нэлээд хэдэн удаа сайд томилж, бас огцруулсан. Улстөрч бүхэн л нэг сайд, даргыг огцруулах албан бичиг барьж гүйсэн гэхэд хэтийдэхгүй. Энэ танхимд суугаа 76 хүнийг огцруулах, эс бөгөөс солилоо гээд үр дүн гарах нь юу л бол.
 
Дээр хэлсэнчлэн, суурь гажуудал, хуулийг хүссэнээрээ ашиглаж болдог эрх мэдэл улстөрчдөд байгаа цагт дахиад хэдэн жил ч бид танхимаа огцруулж, үгэнд ороогүй нэгнийгээ сайдын суудлаас татан буулгах талаар ярьж улстөржинө. Эрх барьж буй АН, МАХН-МҮАН, ИЗНН-аас гадна сөрөг хүчин болох МАН, бие даагчид үнэхээр л улсынхаа эрх ашгийг гэж боддог бол нэг том зорилгын төлөө намчирхал, нэр хүндээ хойш тавиад зүтгэх цаг үе одоо л ирээд байгаа хэрэг бус уу.
 
Улс орны хөгжлийн тээг садаа болж буй засаглалын хямралт байдлыг арилгахын тулд төрийн гурван өндөрлөг маань нэгдэж байр сууриа илэрхийлэх учиртай юм. Сайн мэдээ гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар нэг байр  суурьт хүрсэн гэж хэлж болно. Магадгүй өнгөрсөн гурван жилийн хугацаанд анх удаагаа л тэд нэг асуудлаар нэгдсэн байр суурийг илэрхийлж байгаа тохиолдол ч байж мэдэх юм.
 
Зэрэгцэж зогсоод бид хамтдаа гэж хэлээгүй ч үндсэндээ хэлсэн үгнээс нь ажихад л Үндсэн хуулийнхаа гажуудал, суурь зарчмыг алдагдуулсан улс төрийн энэ ойлгомжгүй байдлаа засахгүй л бол цаашдаа нөхцөл байдал улам л хүндэрнэ гэдгийг ойлгожээ. Маш том дэвшил шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы танхимын индрээс хэлсэн үгэндээ “1990 оноос хойш бид 14 Ерөнхий сайд солилоо. ХБНГУ-д гурван канцлер солигджээ. Монголын төр итгэлгүй гэж харагдаад байна. Цаашдаа батлах гэж байгаа бүх зүйлээ Үндсэн хуулийн язгуур үзэл санаанд нийцүүлэх хэрэгтэй байна.
 
Энэ рүү явъя. Парламентыг томилгооноос салгаж өгье. Үндсэн хуулийн язгуур үзэл санаагаа тууштай хэрэгжүүлье” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шийдлийн Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийхдээ засаглалын хямралаас гаргах Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.
 
Тэрбээр “Ардчилсан Үндсэн хуулийн 23 жилийн хугацаанд нийтдээ 13 Засгийн газар ажилласнаас хоёрхон л бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаагаа дуусгасан байх юм. Арваннэгэн Засгийн газар ажилласан дундаж хугацаа 1.3 жил.
 
Аливаа Засгийн газрын байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрмөгц  Монголын онцлог улс төр эхэлдэг. Үүнийгээ бид улс төрийн тоглолтынхоо оргил үзэгдэл гэж үнэлдэг бөгөөд засгаа унагаах, эсхүл аль нэг сайдыг огцруулах улиг болсон шантаажийн улс төр эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Зөвхөн энэ бүрэн эрхийн хугацаанд засаг огцруулах санал гурван удаа, тухайн сайдыг огцруулах саналыг давхардсан тоогоор 12 сайд дээр гаргасныг УИХ-аар хэлэлцжээ. Энэ бол бидний өнөөдрийн бодит дүр зураг. Монголын улс төрийн эмгэнэл. Манай Засгийн газрын ч биш бүх Засгийн газрын эмзэг байдлын давтагдсан түүх. Унагах, нураах биш бүтээх дэмжих, өсгөх ажил хэрэгтэй байна” хэмээжээ.
 
Мөн аль нэг нам, улстөрч, Засгийн газрын хүслээр Үндсэн хуулийг өөрчлөх аргагүй ч цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх талаар дэмжиж ажиллана хэмээн Гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолжээ.  УИХ-ын дарга МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үедээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал асуулгыг 24 цагийн турш явуулахад 385 хүн оролцож 57 хувь нь дэмжинэ гэсэн байна.
 
Энэ өөрчлөлтийг Ардчилсан нам санаачилсан. Бусад намын гишүүд ч байгаа. Ирэх жил сонгууль болно. Бид дахиад л улс орноо бодсон алхам хийж байгаа. Энэ дотор дэмжлэг авч байгаа нь ч бий, дэмжлэг хүлээхгүй заалтууд ч бий. Бүгдийг нь Үндсэн хуулийн өөрчлөлт болгож батлах эрх Ардчилсан намд байхгүй. Учир нь нийт гишүүдийн 57 нь зөвшөөрч байж явна. Хоёрдугаарт, энэ удаагийн өөрчлөлтийг Үндсэн хууль дотор байдаг нийт ард түмнээс санал асууж байж шийдье гэж байгаа. Санал асуулга нь дахиад 57 гишүүний кнопоор шийдэгдэнэ.
 
Тэгэхээр Ардчилсан нам хүссэн хүсээгүй бусад намын гишүүдэд өөрчлөлтийг ойлгуулж дэмжиж өгөөч гэж л гуйж байгаа” хэмээжээ. Төрийн гурван өндөрлөгийн үгнээс нэг л зүйлийг ойлгож болно. Энэ зөвхөн нэг намын хүч түрэн шийддэг асуудал биш. Тэр тусмаа нэг хүн, нэг намын эрх ашгийг хамгаалсан өөрчлөлтийг хүчээр хийдэг асуудал биш гэдгийг тэд илүүтэй онцолсон байх аж.
 
АН, МАН аль алин ч эрх барихдаа хүч түрэн шийдэх боломжгүй нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах үндэсний хэмжээний санал асуулга явуулах, тэндээс гарсан үр дүнг парламентад суугаа бүх нам эвсэл зөвшилцөж дэмжих тухай хэвлэл мэдээлэл, улс төр судлаачид ухуулж, сурталчилсаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн зөвшилцлийн ажлыг маргаашийн маргаан болгож цаг алдах хэрэг юун, улстөрчид өө.
 
Үндсэн хуулийг засах процедур нь өөрөө зөвшилцлийн үр дүнд хийгдэх учиртай. Тиймээс ч улс төрийн намууд өнөөдрийн жижигхэн эрх ашиг, албан тушаал, мөнгө санхүүгээр бие биеэ шантаажлах асуудлаа нэг удаад л хойш тавихыг ард түмэн шаардаж буйг дуулгая. Эцэст нь хэлэхэд, ард түмнээсээ асуучих, улстөрчид өө. Аль нэг намын бүлэг өөрчлөлт хийх эсэхийг шийддэггүй юм.
 
 
Б.Өнөртогтох
Эх сурвалж: "Монголын мэдээ"сонин