sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-“Чингис”, “Самурай” бонд болон Хөгжлийн банктай холбоотой асуудал АН, МАН-ын хооронд өшиглөлцөх хамгийн тохиромжтой хэрүүлийн алим болж хувирлаа. МАН-ын бүлгийн гишүүд нэгэнт нэр холбогдож буй аж ахуйн нэгжүүд болон бонд, “Хөгжлийн банк”-наас авсан санхүүжилтийнхээ талаар дэлгэе гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн. Нэр холбогдоод байгаа хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Улс, орны хөгжилд чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлэхийн тулд Монголын төр “Хөгжлийн банк”-ийг байгуул­сан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид хамгийн их хөрөнгө оруулалт, гадаад зээлийн эх үүсвэрийг ашиглалаа. Энэ бүх хөрөнгөний голлох хувь хэмжээний “Хөгжлийн банк”-аар дамжиж, зарцуулагдсан. Тиймээс үүнийг нэг талаас бүгд сайтар сонирхох, нөгөө талаасаа зарцуулалт үр дүнтэй болсон эсэхийг хянах хэрэгтэй.
 
Улс оронд хэрэгтэй стратегийн томоохон хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрүүдийг шийдвэрлэж чадсан уу гэдгийг харах ёстой. Олон түмэн ч бас нэгдүгээрт хянах, хоёрдугаарт үр дүнг нь үзэх эрхтэй. Үүнийг дагаад улстөржилт дагуулсан олон шийдвэр гарч байна. 
 
Түүнчлэн эдгээр хөрөнгийг зөв, буруу ашигласантай холбоотой асуудлууд сонсогдож байгаа. Тиймээс маш сайн шалгаж, нээлттэйгээр мэдээллэх ёстой. Яг хэдэн төгрөгийн эх үүсвэр орж ирсэн, түүнээс ямар төслүүдийг хэдээр санхүүжүүлэв, тухайн төслийн ард хэн байна вэ гэдгийг ард иргэд мэдэх эрхтэй.
 
-Нэр холбогдсон хүмүүсийн ихэнх нь улстөрчид. Гэтэл АН, МАН хоёр танайх, манайх илүү их мөнгө авсан гэх боллоо. Та ч бас “Дархан нэхий” ХК-д хамааралтай, түүгээрээ дамжуулж хөрөнгө оруулалт авсан тухай мэдээлэл бий?
 
-Энхбаяр гэдэг хүн “Дархан нэхий” ХК-тай холбоотой 14 тэрбум төгрөг авсан гэж байгаа юм. Уг нь энэ асуудлыг маш амархан шалгачихна. Монгол Улсын хөрөнгийн биржээс “Дархан нэхий” ХК-ийн 100 гаруй мянган хувьцаа эзэмшигчийн дунд Ж.Энхбаяр гэдэг хүн байна уу үгүй юу гэдгийг харах бололцоотой. Энхбаяр гэдэг хүн энэ компаниас ганц ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
 
Үүнийг холбогдох хүмүүс нь шалгаж, үзээд гаргах байх. Би өөрөө ч Хөрөнгийн биржээс лавлагаа гаргуулахаар хандсан. Мөн “Дархан нэхий” ХК-иас тайлбар өгөхийг шаардсан, хариу няцаалтаа ойрын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан өгнө гэдгээ амласан. Энэ дашрамд хэлэхэд Энхбаяр гэдэг хүн улстөрд байх найман жилийн хугацаанд төртэй холбоотой ямар нэгэн бизнес, тендер, төрийн худалдан авалтад оролцсонгүй. Аль болох хол байхыг хичээдэг. 
 
-Таны гэр бүлтэй холбоотой бизнес байсан юм биш үү?
 
-Би сая хэлсэн. Тэгээд ч аливаа улстөрд хандив, тусламжгүйгээр улстөрийнхөө ажиллагааг явуулдаг. Би болон манай гэр бүл төртэй холбоотой ямар нэгэн бизнест орооцолддоггүй. Тийм болохоор харьцангуй бие даасан байдал, үг хэлэх чадвараа хадгалж чаддаг. Ер нь улстөрд орохын тулд санхүүгийн хувьд бие даах ёстой. Түүнээс улстөрд орж байж хөрөнгө мөнгө олохын төлөө ажиллана гэдэг өөрөө мухар нүх рүү тэмүүлж буй хэрэг. Улстөрчийн шалгуур л даа. 
 
-Тэгээд та яаж яваад “Дархан нэхий”-тэй холбогдчихов. Ор үндэсгүй байна гэж үгүй шүү дээ?
 
-1990-ээд оны өмч хувьчлалын үлдэгдэл 20-иод ширхэг хувьцаа байсан юм билээ. Ноднин билүү уржнан зарчихсан. Энэ чинь ганц миний биш 100 мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн асуудал шүү дээ. 
 
-Үгүй, ингээд улстөрчид нь хоёр талцчихаад идсэн, идээгүй гээд байгаа нь иргэдийг эргэлзүүлж байна шүү дээ? 
 
-Энэ бол сайн зүйл. Хамгийн түрүүнд Үндэсний аудитын газар хяналт шалгалт хийгээд мэдээллэх ёстой. Хэрвээ гэмт үйлдэл байж болзошгүй зүйл гарвал Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгах ёстой.
 
Эрх мэдэл, албан тушаалтантай холбоотой асуудал гарвал АТГ шалгах ёстой. Тэгэхээр мэргэжлийн эдгээр байгууллагууд шалгасны дараа асуудал тодорхой болно. Ер нь шалгуулаад, тодорхой болгочихсон нь дээр. Монгол Улс түүхэндээ байгаагүй хэмжээний их хөрөнгийг захиран зарцууллаа. Үүний цаана сайн, муу зүйл олон бий. 
 
-Сайн гэдэг мэдээж бүтээн байгуулалт, импор­тын барааг орлох бүтээгдэхүүнүүд биз дээ?
 
-Тийм. Жишээлбэл миний нэр холбогдоод байгаа “Дархан нэхий” ХК. Өнөөдөр тэсч үлдэж чадсан Монголын арьс, ширний том үйлдвэрлэгч, боловсруулагч. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг. Монголчууд бид малын гаралтай түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг байх ёстой. Тэд бол энэ ажлыг амжилттай авч яваа хамт олон. 
 
-АН-ынхан та бүхнийг эцсийн дүгнэлт гараагүй баримт дэлгэлээ, аудитын дүгнэлт ганцханыг л гаргадаг гэх мэтээр хэлж байсан. МАН-ынхан болохоор мөн л өөрсдийгө өмгөөлөөд байна. Яг хэнийх нь хэлж байгаа үнэний ортой вэ?
 
-Ердөө л шалгах нь зөв. Энэ асуудлыг улам бүр нээлттэй болго. Монголчууд бол цөөхүүлээ шүү дээ. Хэн нь хэн бэ гэдгийг сайн мэднэ. Энэ чинь давуу тал. Тиймээс нийт санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг, зарцуулсан хөрөнгө, зориулалттай нь гаргачихъя. Тэр нь биелэсэн эсэхийг л харчихна шүү дээ. Нэлээд их хөрөнгө алга болсон асуудал гарч ирсэн. Төсөлдөө ч зарцуулагдаагүй. Хөөгөөд үзэхээр амархан харагдана. Ер нь улстөржүүлнэ гэдэг нь өөрөө асуудлыг амархан бүрхэгдүүлэх зорилготой байдаг. Тэгэхээр аль болохоор нээлттэйгээр гаргах нь зөв. 
 
-Сох дутаад байгаа 5.4 сая ам.доллар бол бонд босгохтой холбоотойгоор гардаг зардал гэж тайлбарласан?
 
-Тийм бол баримт, материал, гэрээ хэлэлцээртэйгээ л байх ёстой. Түүнээс алга болохгүй шүү дээ. Шалгахад гараад л ирнэ биз. 
 
-Бондуудын мөнгийг нэг жилийн дараанаас төлж эхэлнэ. Гэтэл үүнийг төлөхөөс жилийн өмнө, УИХ-ын сонгуулиас зургаан сарын өмнө эдгээр асуудлыг хөндөж, бужигнуулж байгаа нь цэвэр улстөрийн шоу болж байгаа юм биш үү?
 
-Бонд буюу Монгол Улсаа барьцаанд тавьж авсан зээлийн санхүүжилт, зарцуулалт заавал шалгагдах, олон түмэнд нээлттэй болгох, түүний үр дүнг нь ард иргэд хянах эрхтэй. Сонгууль болох тусам ил болох ёстой. 
 
-Гэхдээ л МАН-ынханд хэрүүлийн алим үүсгэх аятайхан олз болчихов уу даа гэж харж байна?
 
-Нам гэж ярьж болохгүй л дээ. Улс орноо барьцаалж, асар их зээл авсан. Үүнийгээ захиран зарцуулаад дуусчихсан шүү дээ. Өөрийн чинь хэлснээр бид зээлээ төлөх цаг ирлээ. Үр дүн байна уу. Зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлээ буцааж төлөх ёстой. Гэвч чадах нь уу. Зарцуулсан хөтөлбөрүүд нь амжилт олсон уу. Зөв захиран зарцуулсан уу гэдэг нь одоо гарч ирэх учиртай. Жилийн дараа эх үүсвэрээ төлье гэхээр мөнгө нь байна уу гэдэг асуудал сөхөгдөнө дөө. Тэгэхээр л энэ мөнгөний зарцуулалтыг ил болгоё гэдэг туйлын зөв ажил. Монгол Улс төлөх учраас энэ бол дан ганц намын ажил биш. 
 
-Хэдийгээр бүхий л байр сууринаас эцсийн дүгнэлтүүд гараагүй гэж хэлэх байх. Гэхдээ л ерөнхийд нь харвал бондуудыг ашигтай байжээ, жилийн дараа ачаалалгүйгээр төлж чадна гэсэн үзүүлэлт харагдаж байна уу?
 
-Зээл авсан бол төлөх ёстой. Энэ чинь гол шалгуур. Монгол Улсын авсан зээлийн хугацаа дуусч байна. Тийм болохоор төлнө. Хамгийн гол нь төлөх чадвартай төслүүдэд захиран зарцуулсан уу гэдэг асуудлыг цаг хугацаа шаардаад, шахаад л ороод ирнэ.
 
Түүнээс өмнө гаргаад ил болгочих ёстой. Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт гарсан байна лээ л дээ. Зорилго нь аж ахуйн нэгжүүдэд л өгөх байсан. Хамгийн гол нь зөв ашиглаж, зарцуулсан эсэх шүү дээ.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"