sonin.mn

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 11 дүгээр сарын 30-нд боллоо.

Тус хурлаар Монголбанкны 2014 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын компанийн өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцсан зөвлөлийн гишүүн Д.Нямаагийн мэдээлэл, Монголбанкны Эрдэнэсийн санг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах ажилтай танилцсан зөвлөлийн гишүүн Х.Ганбаатарын мэдээлэл, Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатарын сонсгол, Хяналтын зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.

Монголбанкны 2013 оны санхүүгийн тайланд “Эрнст энд Янг Монголия Аудит” компани Нягтлан бодох бүртгэл, тайлагналын чиглэлээр 1, Мэдээллийн технологийн удирдлагын хяналт, системийн аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр 6 зөвлөмж өгсөн байна.

Монголбанкны Хяналтын зөвлөл 2013, 2014 оны санхүүгийн тайланд өгсөн зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллах хүрээнд Монголбанкны мэдээллийн системийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, Монголбанкны хүний нөөцийн бодлого, түүний хэрэгжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой зохистой болгох асуудалд онцгой анхаарах.

Эрдэнэсийн сангийн үзмэрийн “А” танхимд байгаа болон бусад эд зүйлсийн дэлгэрэнгүй тайлбар, эхийг электрон хэлбэрт шилжүүлэн хадгалах, дэлгэц дээр 3D, 4D байдлаар харуулах талаарх ажлыг эрчимжүүлэх, бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэх, эрдэнэсийн санг түүхийн ховор, хийцийн хувьд дахин давтагдахгүй эрдэнэсийн санд хамааралтай үнэт зүйлсийг худалдан авч баяжуулах, бусад музейн үзмэрт байгаа тус санд байвал зохих зүйлийн эх хувийг авч хадгалан хамгаалах, түүний эхийг хувилбарлаж музейд байршуулах арга хэмжээ авахад анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж болгосон байна. Хяналтын зөвлөлийн 2016 оны ажлын төлөвлөгөөг батлав.