sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр “Чингис”, “Самурай" бондын зарцуулалтад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан.
 
Гэсэн ч гишүүдийн ирц хангалтгүй гэдэг шалтгаанаар хуралдааныг хойшлуулсан юм. “Чингис”, “Самурай" бонд болон “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнгийн тайлан дээр голдуу АН-ын гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулахгүй байсаар нэлээд хугацаа өнгөрсөн. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан ч бүгдээр нь гарын үсэг зуруулчихвал дүгнэлтийг нийтэд ил болгоно, хуудуутай зүйл их байна гэж амлаад мөн л удсан.
 
Эцэст нь хэвлэлийн хурал хийж МАН-ын гишүүд дүгнэлт болон зарцуулалтын но-той хэсгүүдийг ил болгосон. Хариуд нь АН-хан баталгаажуулаагүй, нягтлаагүй дүгнэлтийг ил болгосон. Наадах чинь бараг л хуурамч гэх нь холгүй суугаа. 
 
Асуудал нэгэнт тодорхойгүй болж ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулалгүй удаж, хоорондоо үл ойлголцон, олон нийтэд янз бүрийн сэтгэгдэл төрүүлж эхэлсэн тул өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг хийж, асуудалд цэг тавихыг үүрэгдсэн. 
 
Гэтэл өчигдөр хурлын тов болох үеэр гишүүдийнх нь сураг огтхон ч үгүй байв. Тэднийг ингэхийг мэдсэн мэт Төрийн ордны А танхимд болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан сунжирсан нь бүр ч “олзуурхууштай” явдал болсон хэрэг. 
 
Ашгүй танхимтай болж хуралдаанаа эхлүүлэх гэтэл хамтарсан байнгын хорооны хуралдаанд 23 гишүүн ирсэн байлаа. Тиймээс хуралдааныг хойшлуулахаар санал хураахад шийдвэрийг 18 нь дэмжсэн. Ийнхүү энэ асуудлыг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болж, дахин хойшлууллаа.
 
Үүний тулд хамтарсан байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд ирэх долоо хоногт гадаад болон дотоод томилолтоор явах, чөлөө олгохгүй бүгдийг нь байлцуулж, маргаанаа хагалъя гэдэг байр суурь УИХ дахь АН болон МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ.
Өчигдрийн хуралдааныг хойшлуулах горимын санал гаргах үеэр гишүүд өөрсдийн саналаа хэлж байв. 
 
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийн дарга гишүүдтэйгээ нэг бүрчлэн ажиллахыг шаардаж байна. Ажлын хэсгийн материал бэлэн болоогүй байгаа. Тиймээс мэдээллийг өнөөдөр сонсохоо хойшлуулах шаардлагатай. Санаатай, санамсаргүйг мэдэхгүй юм, ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодорхой шалтгаангүйгээр өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй.
 
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Л.Энх-Амгалан гишүүн томилолттой хөдөө ажиллаж байгаа. Ирж амжаагүй байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Ч.Хүрэлбаатар гишүүн орлоод мэдээллийг хийчих боломжтой.
 
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт: Чухал мэдээлэл сонсох учраас үнэн зөв мэдээлэлд тулгуурлах ёстой. Төсвийн байнгын хорооны дарга ирээгүй байна. Ажлын хэсэг нэг ч удаа хуралдаагүй гэж байгаа. Ажлын хэсэг 10 гишүүнтэй, ядаж тэднээс 6-7 гишүүн нь дүгнэлтээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мэдээлэлд үндэслэж асуудлыг яримаар байна.
 
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт: Байнгын хороодоос хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллахад нь бодитой мэдээлэл авах нь гэж бодсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг мэдээллээ хийх болоход хоёр талаасаа маргалдаад юу болсныг ч ойлгох эцэсгүй болсон. Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хөгжлийн банк” болоод бондын зарцуулалтаар мэдээлэл сонссон. Ихэнх гишүүн нь оролцоогүй юм билээ. Тийм учраас ажлын хэсгийн гишүүд ажлаа дуусгаач ээ. Дутуу хийсэн юм маргаан дагуулаад байна. Өнөөдөр хэлэлцэхээ болъё, гэхдээ хугацаа өгөөд нэгдсэн дүгнэлт гаргаад ороод ир.
 
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Бонд босгосон. Орж ирсэн. Зарцуулалт нь хуулийн дагуу явсан. Үр дүнд нь авто замууд баригдсан, орон сууцууд боссон. Цахилгаан станц баригдсан. Гэвч бүтээн байгуулалтыг хараар будсан нь эргэлзээ төрүүлж байгаа. Дүгнэлт нь ажлын хэсгийн дөрөвхөн гишүүний хүлээн зөвшөөрсөн дүгнэлт. Өнөөдрийн хуралдаанд дүгнэлтэд гарын үсэг зурсан дөрвөн гишүүнээс гурав нь сууж байна.
 
Буруу юмны булхай илэрдэг, зөв юм зөв совингоор биелдэг гэж үгтэй шүү.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтыг хянах судлах ажлын хэсгийг 2015 оны нэгдүгээр сард байгуулсан.
 
Гол нь гаднаас босгосон зээлийн эх үүсвэр зөв зүйлд зарцуулагдаж уу гэдгийг л судлах зорилго агуулсан. Таван сараас хойш ажлын хэсэг дүгнэлтээ ярьсан. Энэ хугацаанд ажлын хэсэг хуралдаагүй биш хуралдсан. Хуралдаанд оролцсон гишүүд нь гарын үсэг зурахгүй байснаас сунжирсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд нухацтай хандах ёстой. Ойлголцолд хүрээд хэлэлцье. Аливаа асуудалд бодитой хандъя. Үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэе.
 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ажлын хэсэг таван удаа хуралдсан. Гишүүд нь ирдэггүй, хуралдаа оролцдоггүй байхгүй юу даа. Эцэс сүүлд нь дүгнэлт санал авъя гэхэд бас өгдөггүй. Сүүлийн өдрийн мэдээллүүдийг харахаар 10 ширхэг хувьцаатай хүнийг 10 тэрбум төгрөг авсан мэтээр мэдээлж байна.
 
Хугацаа алдаж болохгүй. Дүгнэлтийг ажлын хэсэг гаргахдаа Аудитын хоёр удаагийн дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн биелэлт, Сангийн яамны 2015 оны зургаадугаар сарын 15-нд гаргасан дүгнэлт зэрэгт үндэслэж гаргасан.
 
Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн бөгөөд олонхоороо “Мэдээллийг хойшлуулах нь зүйтэй” гэж үзсэн. Тиймээс бондууд, “Хөгжлийн банк”-тай холбоотой асуудал нийгэмд дахиад л хүлээлт үүсгэж үлдлээ. 
 
“Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-наас УИХ-ын гишүүдийн оролцоотой аж ахуйн нэгжүүд зээл авч, хөрөнгө оруулалт татсан нь баримтаар батлагдаад байгаа төдийгүй бага мөнгөн дүнтэй ажлыг их болгон өсгөж, гүйцэтгэсэн зэрэг нь олны анхаарлыг татахаас аргагүйд хүрч буй юм. Тиймээс хамтарсан байнгын хорооны хуралдаан нь үндсэндээ нийгэмд үүсээд буй АН, МАН-ын гишүүдийн зээлийн мөнгөнөөс идэж, уусан гэх асуудлын хайныг хагалах болоод байгаа юм. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"