sonin.mn
Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтаар ял сонсож, 461 дүгээр ангид хоригдож байгаа Чинбаярын аавтай ярилцаж зарим зүйлийг тодруулав
 
-Таны хүү Чинбаяр эх орноосоо урвасан гэх хэрэгт холбогдоод байгааа гэсэн. Аавынх нь хувьд та энэ асуудлыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
 
-Дайн дажингүй үед тийм юм дуулахаараа гэр бүл, эх эцэг, ураг төрлөөрөө гайхацгааж их л хүнд байцгаана. Миний хүү төрдөө чадлаараа зүтгэж, хишгийг нь хүртэж яваа хорхойд хоргүй нэгэн, тэр хэзээ ч тийм юм хийхгүй гэж би бүрэн итгэж байгаа. Миний хүү хүнд тусархаг, өгөөмөр сэтгэлтэй, өндөр боловсорсон, эх оронч хүн. Сүүлийн тодотгосон үгийг би зориуд хэлж байна.
 
-Энэ үгийг та яагаад тодотгов?
 
-Хүүг минь  эх орноосоо урвасан гэх ямар ч үндэслэлгүй. Харин ч эх орныхоо төлөө санаа зорилготой ажилласан байдаг. Тэр хаана ч ажиллаж байсан нэр төртэй, үр бүтээлтэй ажилладагыг удирлпага, хамт олон нь мэдэж л байгаа. Гадаадад албан үүргээ гүйцэтгэж байхдаа өдөр шөнийг ялгалгүй нутгаасаа хол, зовж шаналсан хүмүүст зарим тохиолдлуудад өөрөөсөө ч мөнгө гарган өгч, хоол цай зөөж байсныг олон хүн надад хэлж, би баярлаж, хүүгээрээ бахархаж явдаг.
 
Харь газарт иргэнээ хайрладаг хүнийг эх оронч гэдэг юм. Монголын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулахтай огт хамааралгүй зөвхөн өөр улсын доторх хоорондынх нь хэсэг бусаг яль шальгүй зүйлтэй юмаар буруутгаж байгааг гайхаад барахгүй сууна.
 
Энэ нь нотлогдоогүй ч юм шиг байгаа юм. Нотолсон ч ямар ч буруугүй. Түүнд нь улсын төрийн нууцад хамаарах Монгол улсын үндэсний эрх, ашгийг хохироох юм юу ч байхгүй. Тэглээ гээд түүнийг өөрийн улсынхаа тусгаар тоггнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулсан, эх орноосоо урвасан гээд хилсээр яллаж байна.
 
Гэмт хэрэг мөн эсэхийг субъектийн санаа, сэдэл, зорилго, учруулсан бодит хор хохирлоор нь тодорхойлдог. Энд маш сонин логик байгаа биз? Одоо хэлж болохооргүй хачин зүйлүүд ч байгаа, шаардпага гарвал хэлэх л болно. Бид чинь аль улсын иргэн болчихоод хаана амьдарч байгаа болж байна даа. Ийм хоосон юмаар хүнийг алж, амьдралыг нь сүйрүүлж болох уу?
 
Мөрдөн байцаагч нь шинжээчийг томилохдоо ЭБШХуулийн 46.1-д заасныг зөрчиж, дотроосоо гарын доорх албан харьцааны ашиг сонирхолын зөрчил үүсгэж болох өөрсдийн мэдлийн хүнээ ажиллуулж дүгнэлт гэх юмаа гаргуулсан нь хуучин Дотоод яамны ажилпагааг шууд санагдуулж байна. Тийм бурангуй өнгөрсөн цаг үеэрээ сэтгэж ажиллаад байвал Монгол түмэнд хэлмэгдүүлэлт шатлан өргөжих бололтой.
 
Энэ зэргийн юмыг хуулийн зүйл заалттай нь тулгаад эх орноосоо урвасан шинж байна уу? үгүй юу? Гэмт хэрэг мөн үү? гээд дүгнэлт гаргачих хууль, аюулгүй байдлын өндөр мэргэжпийн хүмүүс Монголд хангалттай байгаа. Гагцхүү хөндлөнгийн шудрага л шинжээч байх ёстой. Нууц гэсэн халхавчийг хүний амь, амьдралыг шийдэх үед хэрэглэж болох уу? Ийм нөхцөлд харин ч тэр нууцлаад байгааг нь ил болгох ёстой.
 
Энэ бол ардчилал хүний эрхийг дээдэлдэг улс оронд хэлмэгдүүлэлтээс гаргах гарц мөн. Буруутай ажиллагаа нь даамжирвал Социализмын үеийн үзэл суртапын хэлмэгдүүлэлт, улс төрийн ялд хүргэнэ. Мэдээж хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан гэх улсад улс төрийн хэлмэгдсэн хоригдол байж болох уу?
 
-Гадныхантай хуйвалдаж баялгаа өгч, эдийн засгийн талаар тусгаар тогтнолоо алдлаа гээд их яригдах юм. Үүнийг Тагнуулын байгууллага илрүүлэх үүрэгтэй юу?
 
-За энэ ч та бид хоёрын ярианы гол сэдэв биш л дээ, гэхдээ үүрэгтэй л дээ.. Тагнуулын байгууллагын тухай хуулинд үүрэг болгохдоо "Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлж, түүнийг илрүүлэх, таслан зогсоох" гэж заасан байдаг. Энэ бол өнөөгийн чухал асуудал мөнөөс мөн. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой шууд холбоотой л доо, улс орны оршин тогтнох үндсийн үндэс нь эдийн засаг үүнд л хүч хэрэгсэлээ төвлөрүүлж, үр дүн гаргах хэрэгтэй байх л даа.
 
-Таны хүүгийн холбогдоод байгаа асуудал эх орноосоо урвалаа гэж ял аваад байгаа Пагмажавын хэрэг гэгчтэй ижил юм уу. Тайваньтай бас холбоотой гээд хэвлэлээр гарсан байсан?
 
-Тэр тухай хэвлэл мэдээллээр гарсан хүрээнд мэднэ. Миний хүүгийнх зөвхөн гадны улсын доторх хоорондын яль шальгүй зүйлийн л тухай юм билээ. Энэ нь Монгол төрд хамаарах зүйл биш. Тайваний тухайд гэвэл Пагамжавын стратегийн өмгөөлөгч Б.Пүрэвням  itoim.mn сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагаас харвал  " Тайвань бол Монгол улсын дайсан, дайсагнагч тал юм байна гэж олон улсад харагдаж ойлгогдож байгаа ..." гэсэн байдаг.  
 
Монголд дайсагнагч улс байхгүй нь маш энгийн ойлголт. Өөрийн хүмүүсээ яллахын тулд хүмүүнлэгийн хүрээнд олон талын харилцаатай Тайванийг дайсагнагч улс гэвэл улс төрийн ямар үр дагавар гарах бол? Энэ үг Монголын шүүхийн танхимаас байтугай хэн дуртай хүний амнаас унах үг биш. Саяхан Монголын прокурор, шүүгч нар Тайваньд зочлоод туршлага аваад ирсэн.
 
Тэрчлэн БНХАУ, Тайванийг өөрийн нэг муж болохоос, биеэ даасан улс гэж үздэггүй. НҮБ ч Тайваньтай бие даасан улсын статусаар харьцдаггүй. Иймд түүнийг эрүүгийн хуулийн 79.1-ээр Тайванийг бие даасан улс гэж үзээд энэ зүйлчлэлээр яллавал уг зүйлчлэлийн мөн чанар агуулгад ч бас тохирохгүй нь ойлгомжтой. Энэ ч бас улс төрийн нарийн зүйл болно. Ер нь тэгээд манай хууль, хяналтын чухал байгууллагын зарим нь улс төр, эрх зүйн ухамсараар ядмаг, дээр нь хүн чанараар дутмаг байгаа нь юунд ч хүргэж мэдэхээр байна.
 
-Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч тогтоолоо засварласан гэсэн яриа байсан, үнэн үү?
 
-Дүүргийн анхан шатны шүүх хуралдааны протокол, ялын тогтоол хоёр зөрж зарим агууллагыг өөрчилж, шүүгдэгч, өмгөөлөгчийн хэлсэн үгийг яллах тапд ашигтайгаар засварласан нь илэрсэн. Ингэж гүтгэх, гуйвуулах аргаар шүүгч нар шүүгдэгчийг шудрага бусаар яллаж байгаа нь гүтгэлгийн шинж чанартай байна. Цагаатгах, яллах талыг зөвөөр дэнсэлж хүн талаа барьж шудрагаар шийдвэрлэнэ гэж төрийн өмнө тангарагласан хүмүус тийм хариуцлагагүй хуурмаг байж болох уу?
 
-Та давж заалдах уу?
 
-Заалдалгүй яахав. Дээрх буруутай ажиллагааг тэвчиж, тэдэнд итгэх арга алга. Үнэнийг жинхэнээр нь дэнслэж, иргэнээ хамгаалдаг Монгол улсын Дээд Шүүхийн шудрага шүүгч нар үүнийг хянаад үнэн зөвөөр нь шийднэ гэдэгт итгэж байгаа. Монголын шүүх шудрага шүүх болтугай л гэе
 
Д. Гал