sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болсон. Уг төслийг дэмжихгүй гэдгээ улс төрийн найман намын төлөөлөл илэрхийллээ.
 
Хэвлэлийн бага хуралд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, БНН-ын нарийн бичгийн дарга н.Зоригоо нар оролцсон юм.
 
Ж.Мөнхбат.Ерөнийлөгчийн санаачилсан хуульд үндсэн хуультай зөрчилдсөн заалт олон багтжээ
 
           МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Улс төрийн намын тухай хуулийн төсөлд оруулсан хүлээж авах боломжгүй заалтуудын талаар онцлов. Энэ хуулийн төсөлд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх намуудыг татан буулгаж СЕХ шинээр бүртгэнэ, бүртгэх үйл явц, санхүүжилт олгох, тараах, татан буулгах асуудлыг СЕХ, Иргэний бүртгэл мэдээллийн төв хариуцах заалт оруулж ирсэн гэдгийг хэлэв.
 
Тэрээр "СЕХ бол эрх баригч улс төрийн намын нөлөөлөлд байдаг нь ил болсон. Энэ нь улс төрийн намуудыг эрх баригч улс төрийн хүчин өөрийн мэдэлдээ байлгах гэсэн оролдлого юм. Улс төрийн намыг байгуулах босгыг одоогийн хуулиар 801 хүнээр тогтоосон байдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд 31 хүн нам байгуулж болохоор заалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, нэг ангийн хүүхдүүд нам байгуулах боломжтой болох нь. Монгол Улсад 24 нам ихдэж байна гэж ярьдаг. Гэтэл насанд хүрсэн хүнийхээ тоонд хуваавал 200-800 нам байгуулах боломж Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд оржээ" гэв.
 
Улс төрийн намуудад хариуцлага тооцох заалтад намууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Учир нь тухайн намын гишүүн нь ёс суртахууны асуудал гаргавал тэр намыг татан буулгах заалт оруулсан юм байна. Мөн гурван удаа захиргааны шийтгэл авбал нам татан буугдах асуудал яригдахаас гадна 16 насанд хүрвэл намд элсэх боломжтой болох аж.
 
Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "Миний хувьд Өвөрхангайн сонгуулийн саналыг луйвардсаныг эсэргүүцэж АН-ын хоёр гишүүнийг тангараг өргүүлэхгүй гэж Төрийн ордны гадаа жагсаал хийсний төлөө хоёр удаа 10 мянган төгрөгөөр торгуулсан. Хэрвээ гурав дахь удаагаа жагсаж захиргааны хариуцлага хүлээвэл харьяалагддаг нам нь татан буугдах хэмжээний асуудал яригдах юм байна. Санхүүгийн тайландаа гурван удаа алдаа гаргавал мөн татан буулгах заалт оруулсан байна. Үндсэн хуультай зөрчилдсөн олон заалт оржээ.
 
Тухайлбал, 16 насанд хүрвэл намын гишүүн байж болно гэжээ. Гэтэл Үндсэн хуульд зааснаар 18 настай хүн сонгуульд саналаа өгөх эрхтэй. Улс төрийн нам фракцгүй болно, улс төрийн маргаан, зөрчлөө дотооддоо шийднэ гэсэн заалт орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл улс төрийн зөрчил, маргаанаа дотооддоо шийдэж чадахгүй байгаа намд зориулагджээ" гэв.
 
Ц.Шаравдорж: Аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох гэж байна
 
        МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий бөгөөд энэ төслөөс их зүйл хүлээж байсан ч хүлээлт талаар боллоо гэж мэдээллээ. Тэрээр "Монгол Улс ямар дэглэм рүү яваад байгаа юм, Ерөнхийлөгч болон түүний тамгын газар юу бодоод байгаа юм гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Бид чинь иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн.
 
Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөл Үндсэн хуулийн үзэл баримтлал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна. Улс төрийн намын асуудал болгоныг хуульчлах, үйл ажиллагааг нь төрийн хяналтад бүрэн оруулах, аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох заалт оруулжээ. Нөгөө талаас бүхий л асуудлыг СЕХ-нд төвлөрүүлэхээр оруулж байгаа нь аймшигтай.
 
УДШ-д намуудыг бүртгэж хяналт тавьдаг нь олон улсын жишиг юм. Монгол Улсын эв нэгдлийг хангах, Үндсэн хуулийг сахих үүрэг хүлээсэн Ерөнхийлөгчийн зүгээс ийм хуулийн төсөл оруулж ирсэнд туйлын харамсаж байна. Ийм хуулийн төслийг хэлэлцэх ямар ч боломжгүй" гэв.
 
Ш.Төмөрсүх: Энэ хуулийн төслийг бүхэлд нь буцаая
 
         Мөн энэ үеэр БНН-ын нарийн бичгийн дарга н.Зоригоо "Хуулийг сайжруулах ёстойгоос муужруулах ёсгүй. 16 нас хүрсэн Монгол Улсын иргэд 31-үүлээ нам байгуулж болох юм байна. Энэ насанд үзэл бодол төлөвшөөгүй байдаг. Насанд хүрсэн иргэдтэй харьцуулбал бараг 50 мянган нам бий болох боломжийг энэ хуулийн төсөл бүрдүүлэх гэж байна. Энэ бол ухралт юм" гэлээ.
 
         Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх "Энэ хуулийн төсөл манай улсад олон намын системийг хязгаарлаж, дуу хоолойг нь боомилох оролдлого гэж харж байна. Өмнө УДШ-д бүртгэлтэй байсан, одоо СЕХ-нд харьяалагдах нь. Эрх баригч нам СЕХ-ны удирдлагыг томилдог. Тэгэхээр улс төрийн намуудын дарга нарыг эрх баригч намын дарга удирдах нь. Хуулийн төслийг бүхэлд нь буцаахыг хүсч байна" гэв.
 
О.Бум-Ялагч: Ерөнхийлөгч хуулийн хүрээнд боломжоо ашиглаж эх орноор минь тоглох ажлыг эхлүүлж байна
 
          Ногоон намын дарга О.Бум-Ялагч "Улс төрд болохгүй байгаа бүх юм Улс төрийн намын тухай хууль, улс оронд бүтэхгүй байгаа зүйл болгон Үндсэн хуулиас болсон юм шигээр ярьцгаах юм. Ерөнхийлөгч хууль эрх зүйнд хүрээнд олдсон боломжоо ашиглаж улс эх орноор минь тоглох асуудал эхэлж байна. Өнөөдөр хямраад байгаа нам бол АН шүү дээ. АН-ын гишүүд манай намд хулгайчид үүрлэлээ гэж өөрсдөө ярьдаг. АН-ын цаг нь дуусч байна. Эвсэж хамтарч ажиллаж чадахгүй, одоо бусдыгаа хядах байдал руу орох нь" гэсэн байр суурь илэрхийлэв.
 
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат "Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхдөө өөрсдийн эрх мэдлийг хязгааргүй болгох гэж санаархаж байна. Улс төрийн намын тухай хуульд зөвхөн нэг нам нь бүх намын дарга байх өөрчлөлт хийхээр өнгөлзөж байна. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээр ийм аймшиггүйгээр оролддог тогтолцоо дарангуйлагч төрд л байдаг. Хэсэг бүлэгт зориулсан ийм хуулийн төсөл нийгэмд харанга дэлдэж байна" гэж хэллээ. 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин