sonin.mn

Намибийн Виндхук хотноо ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн  Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан үргэлжилж байна.

Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн өв болох Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлийн биет бус өвөөр бүртгэжээ.

Дээрх ангилалд нийт 8 өв нэр дэвшсэнээс 5-ыг  нь бүртгэсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв ЮНЕСКО-д  бүртгэгдлээ.

Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг бөгөөд эх нь ботгоо голох тохиолдол гардаг. Үүнийг монголчууд шийдэх өвөрмөц гарц олж чадсан нь ботго авахуулах зан үйл юм. Хөгжим, дуугаар дамжуулж мал адгуустай харилцдаг зан үйл өөр улс оронд төдийлэн байхгүй учраас энэ зан үйлийг яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар Төлөөллийн жагсаалтад нэр дэвшсэн өвүүдийг хэлэлцэх юм. . Хуралдаанд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс дээрх хорооны гишүүнээр 2013 онд сонгогдон ажиллаж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ”  агентлаг