sonin.mn
Бригадын генерал Д.Баярсайхан Өмнөд Судан Улсад зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Энхийг сахиулах хүчний Секторын командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс анх удаагаа сонгогдон томилогдож, үүрэг гүйцэтгээд эх орондоо иржээ. Түүнтэй ярилцлаа.
 
-Үүрэг гүйцэтгэсэн орныхоо цэрэг улс төрийн нөхцөл байдлын талаар товч танилцуулна уу?
 
-Би Өмнөд Судан Улсад жил гаруй хугацаатай үүрэг гүйцэтгээд ирлээ. Дэлхийн хамгийн залуу улс гэгдэх энэ улс 2011 онд байгуулагдахад НҮБ тус улсыг манайханы ярьдагаар “Хөл дээр нь босгож өгөх” зорилгоор “UNMISS” нэртэй иргэний мэргэжилтнүүд давамгайлсан багахан хэмжээний цэргийн хүч бүхий энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулж эхэлсэн.
 
Гэтэл 2013 оны 12 дугаар сарын дундуур тус улсын төрийн хэмжээнд хагарал гарч, тэр нь улмаар улс орныг бүхэлд нь хамарсан дайн болж хувирсан. Маш олон хүн, тэр дундаа энгийн иргэд алагдаж, шархдсан хийгээд орон гэрээсээ дүрвэсэн. Энэ байдлыг иргэний дайн гэж үзэж болохоор байсан тул НҮБ дүгнэлт хийгээд “UNMISS” ажиллагааг “Энгийн иргэдийг хамгаалах” мандаттайгаар зохион байгуулж, энхийг сахиулагч цэргийн тоог 12500 хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
 
Ингээд үндсэндээ 2014 оны 6 дугаар сар гэхэд цэрэг хандивлагч улс орнуудын цэргийн бие бүрэлдэхүүнийг хамруулан хямралын гол төв болох Хойд Секторт хоёр батальон гаруй цэрэг оруулж хүч нэмэгдүүлсэн. 12500 цэрэг гэдэг нь НҮБ-ын тооцоогоор нэг явган дивизийн хэмжээний хөнгөн зэвсэглэсэн цэрэг. Энэ хүчийг удирдлагаар хангах зорилгоор дөрвөн сектор болгож, Хойд секторын командлагчаар би сонгогдож ажилласан.
 
-2013 онд болсон үймээн самуун Ерөнхийлөгчийн талынхан гэгдэх динкачууд, Дэд Ерөнхийлөгч асан Рэйк Мачарын талынхан гэх нуэрчүүдийн хооронд өрнөж хоорондоо байлдсан гэдэг. Гэтэл сүүлийн үед шилукууд бас Засгийн газрын цэргийн эсрэг бослоо гэх. Энэ талаар...
 
-2013 оны сүүлчээр эхэлсэн цэрэг улс төрийн сөргөлдөөн тус улсын ястнуудын дийлэнх болох динка болон нуэрийн хооронд болсон. Засгийн газрын цэрэг гээд байгаа нь динка ястан Ерөнхийлөгч Салва Кийрийн талынхан. Харин дэд ерөнхийлөгч асан Рэйк Мачар өөрөө нуэр үндэстэн тул нуэрчүүд нь түүнийг дагаж байгаа нь тэр л дээ. Гэхдээ Засгийн газрын цэрэг тэр чигтээ динка ястнуудаас бүрдсэн гэвэл тийм бус, бусад ястнуудаас гадна нуэрчүүд ч байдаг.
 
Тухайлбал, миний хариуцлагын бүсэд Засгийн газрын цэргийн бүсийн командлагч нь дэслэгч генерал Жонсон Гони гэдэг нуэр ястан байсан. Шилукууд 2015 оны 4 дүгээр сар хүртэл Засгийн газрын цэрэгтэй хамтран нуэрчүүдийн эсрэг буюу сөрөг хүчний эсрэг байлдаж байлаа. Намайг анх секторын командлагчаар томилогдоод нисэх онгоцны буудалд бууж байхад Засгийн газрын цэргийн бүсийн командлагч, дэслэгч генерал Жонсон Гони, шилукийн цэргийн командлагч, хошууч генерал Жонсон Олони хоёр хамт угтаж авч байлаа.
 
Тухайн үед Шилукийн цэргийн ангиуд байлдааны ажиллагааны хамаг хүндийг үүрдэг мөртөө цалин мөнгө, ар талын хангалтын асуудал тэр бүр тэдэнд зориулагдаад байдаггүй нь анзаарагдсан. Өнгөрсөн оны 4 дүгээр сард тэдний цэргийн командлагчийн орлогчийг Засгийн газрын цэргүүд отож бие хамгаалах салаа цэргийнх нь хамт устгасан явдал шилукууд Засгийн газрын цэргийн эсрэг байлдаж, сөрөг хүчнийхэнтэй нийлсэн гэдгээ албан ёсоор зарлах шалтгаан болсон.
 
Манай хариуцлагын бүсийн хил хязгаарыг бидний шаардлагын дагуу “UN-MISS”-ийн удирдлагаас Дээд Нил, Юнити гэж дахин тогтоож өгсөн. Дээд Нил мужийн газар нутгийн бараг тэн хагас нь шилукуудын нутаг учраас Засгийн газрын цэрэг, шилукуудын хоорондын байлдааны ажиллагаа Малакал хотын ойролцоо буюу манай секторын штаб байрладаг хотод болдог болсон. Өнгөрсөн оны 4 дүгээр сар хүртэл Засгийн газар өөрийн анги, салбаруудын нэгэн адил шилукын ангиудыг зэвсэглэл техникээр хангаж байсан учраас Рэйк Мачараар толгойлуулсан сөрөг хүчин маш хүчтэй зэвсэглэсэн бараг нэг дивиз орчим цэрэгтэй болж Засгийн газрын цэрэгт үлэмж хохирол учруулдаг болсон юм.
 
-Өмнөд Суданы Засгийн газрын цэрэг болоод тэнд байлдаж байгаа бусад хүчний цэргийн үйл ажиллагааны талаархи таны дүгнэлт...
 
-Би цэргийн хүний хувьд Өмнөд Суданы Зэвсэгт хүчнийг удирдлага, зохион байгуулалт, материаллаг баазын хувьд тийм сайн бэлтгэгдсэн гэж хэлэхгүй. Харин маш олон жил тодруулбал, 1956 оноос хойш иргэний дайнтай зууралдсан гэдэг утгаараа бие бүрэлдэхүүн нь сэтгэл зүйн хувьд гайгүй бэлтгэгдсэн байж магадгүй юм шиг санагддаг.
 
Өмнө нь Иракт халдлагад өртөөд байхдаа бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн асуудалтай тулгарч байх үед АНУ-ын “Цэргийн сэтгэл зүй” гэдэг номноос байлдааны ажиллагаанд хамгийн туршлагажсан цэрэг түүнд оролцохоос аль болох зайлсхийдэг гэж уншиж байсан юм. Үнэндээ Малакалыг эзлэхээр шилукууд дайрч, Засгийн газрын цэрэг танк, артиллери, том, бага калибрын буугаар буудаж зургаан цаг гаруй байлдаад хотыг орхиж гарахад хоёр талаас нэг ч үхсэн хүн байгаагүй ба манай эргүүлийн бүлгүүд тийм зүйл олж хараагүй гэж бодохоор “Иргэний дайн” эдэнд ийм сургамж үлдээгээ юу гэж бодоход хүрсэн.
 
Манай “UNMISS”-ийн цэргийн командлагч “Эдний Зэвсэгт хүчин гэж юу байдаг юм, тэдний генерал нь гэж ямар юм байдаг юм” гэж нэг удаа уурлаж, бухимдсан үедээ надад утсаар хэлсэн. Үнэхээр, Засгийн газрын цэрэг, сөрөг хүчний цэргийн хооронд гадаад төрх байдал, бэлтгэлжилтийн түвшингийн хувьд ялгараад байх юм байхгүй. Хатуухан хэлвэл бүгдээрээ л “Зэвсэглэсэн дээрэмчдийн бүлэг”-тэй адилхан юм гэмээр сэтгэгдэл төрүүлдэг.
 
-Та биднийг 2004 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцож байх үед гарч байсан шиг энхийг сахиулагчдын амь насанд халдах асуудлууд гарч байв уу?
 
-Олон аавын хүүхдүүдийг удирдаад “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцож байсан маань үнэхээр дурсамжтай. Иракаас бид маш их зүйл сурсантай адил “UNMISS” ажиллагаа ч надад их зүйл зааж, сургасан. Энэ ажиллагааны хамгийн хүнд секторын командлагч хүн олон үндэстний цэрэг командлахаас гадна дайтагч талуудын удирдлагуудтай холбоотой байж, тэдэнтэй байнга хамтарч ажиллах гэж хичээдэг байсан явдал уг ажиллагааны онцлог байлаа. Мэдээж, миний удирдаж явсан цэргүүдийн амь насанд халгаатай, аюултай үзэгдлүүд байнга гардаг байлаа.
 
Наад зах нь биднээр хамгаалуулахаар ирсэн энгийн иргэд манай харуул хамгаалалтын цэргүүдийн эрхэнд халдах, дайтагч талууд хоорондоо байлдахдаа НҮБ-ын цэргийн баазын хоёр талд гарч байлдах, сөргөлдөгч талуудын согтуу цэргүүд бааз руу чиглүүлж гал нээх, тэр бүү хэл манай секторын Бангладеш цэргүүдийг барьцаалж амь насанд нь шууд заналхийлсэн асуудал ч гарч байлаа.
 
-Таны мэдэлд ямар, ямар улсын хэчнээн цэрэг байв. Хамгийн сайн үүрэг гүйцэтгэж байсан нь аль улсын цэрэг вэ?
 
-Хойд буюу миний хариуцаж байсан секторт дөрвөн батальон, “UNMISS”-ийн командлалаас хүч нэмэгдүүлж өгсөн хоёр рот, нийтдээ 3500 орчим цэрэг байсан. Энэ бол миний шууд удирдлагад харьяалагдсан хүч. Түүнээс гадна миний тактикийн удирдлагад буюу шаардлагатай үед шууд захирагдах Холбогч офицеруудын бүлэг, Хоёрдугаар шатны хээрийн эмнэлэг, Барилга инженерийн батальон, Тэнгисийн цэргийн рот, Цэргийн цагдаагийн бүлэг багтдаг. Тэд бүгдээрээ үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан.
 
Манай секторын гол хөдөлгөгч хүч нь хүн хүч, зэвсэг техникээрээ хамгийн сайн хангагдсан гэдэг утгаараа Монгол, Энэтхэгийн батальонууд байсныг хэлэх ёстой. Харин хамгийн хүнд үүрэг гүйцэтгэж, хамгийн их эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан нь гэвэл Бангладешийн усан цэргүүд.
 
Монголын батальон манай хариуцлагын бүсийн Юнити мужийг, Энэтхэгийн батальон Дээд Нил мужийг хариуцдаг. Намайг тэнд байх хугацаагаа дуусгаад буцах болоход “UNMISS”-ийн удирдлага хүлээн авч зоог барих үеэр “UNMISS”-ийн Цэргийн командлагчийн орлогч, Хятадын Зэвсэгт хүчний генерал үг хэлэхдээ нэг ийм юм ярьсан. Мань хүн Өмнөд Суданы Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Малон гэдэг хүнтэй уулзаж байхад Малон “Хэрэв хэрэгцээтэй үе гарвал танай цэргүүдээс Монголын цэргүүд л хариу гал нээж шууд байлдааны ажиллагаанд шилжиж чадна, бусад нь юу л бол” гэсэн гэж хэлж байсан.
 
2013 оны сүүлчээр болсон үймээн самууны үед сөргөлдөгч талуудын байлдааны талбараас хурандаа Б.Эрдэнэбатаар удирдуулсан монгол цэргүүд барьцаалагдсан гадаадын иргэдийг татан гаргаж байлаа. Ер нь UNMISS ажиллагаанд хамгийн хүндийг туулсан ээлж бол хурандаа Б.Эрдэнэбатын ээлжийнхэн шүү дээ. 2015 онд Бентью хотод гарсан замын хөдөлгөөний ослоос үүдэн Засгийн газрын цэргийн дивизийн байрлал дотор маш хурц маргаан болоход дэд хурандаа М.Батчулуунд эсрэг талын согтуу хурандаа цэнэгтэй буу тулгаж заналхийлэх үед манай цэргүүд өөрсдөөс нь хэд дахин хүч илүү эсрэг талын цэргүүд рүү адилхан буу тулгаж, байлдахад бэлэн гэдгээ харуулж, захирагчийнхаа гал нээх командыг хүлээгээд зогсож байсан.
 
Ний нуугүй хэлэхэд “UNMISS”-д хамгийн сайн нь хэн бэ гэвэл тэнд ажиллаж байгаа энгийн цэргийн хэн нь ч монголын батальон л гэж хэлнэ. Дани улсынхны санаачилж жил бүр зохион байгуулдаг холын зайн гүйлтийн тэмцээнд өнгөрсөн жил манай М.Бат-Эрдэнэ гэдэг залуу бусдаасаа илүү хол тасархай түрүүлэн барианд орж ирж гайхагдаж байсан гээд тоолж барамгүй олон үйл явдлуудыг тэнд үүрэг гүйцэтгэсэн манай цэргүүд мэднэ дээ...
 
НҮБ-ын Медаль гардуулах ёслолын ажиллагаа гэж маш нэр хүндтэй арга хэмжээ байдаг. Энэ үеэр тухайн улс үндэстэн улсаа сурталчилах том боломж гардаг. Дэд хурандаа М.Батчулууны ээлжийнхэнд медаль гардуулах ажиллагаанд “UNMISS”-ийн Цэргийн удирдлага тэр чигээрээ ирж, манайханы зохион байгуулж бэлтгэсэн хөтөлбөрт маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Хүчний командлагч, дэслэгч генерал Ю.Гибермискейл (Этиоп) яг тэр үед эмнэлэгт хэвтэж байсан хэдий ч “Заавал очно” гээд хүрэлцэн ирж байлаа. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчний ганц батальон цэргийг төдийгүй Монгол Улсыг хүндэтгэж байгаа хэрэг юм. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан бусад улс орнуудын цэргийн иймэрхүү ажиллагаанд ингэж олон хүн ирж баяр талархлаа дэвшүүлж байсныг би хараагүй.
 
Манай батальоныхон Бентью хот руу ордог цорын ганц замыг газрын минээс цэвэрлэж гарц гаргаснаар НҮБ-ын болон олон улс, орон нутгийн байгууллагын олон зуун тонн ачаа энэ замаар орж ирэх үүдийг нээсэн. Эл замыг нээгдэж хөдөлгөөн үйлдэгдэхийн өмнө дайтагч хоёр талд мэдэгдэж аюулгүй байдлыг хангуулах талаар дэд хурандаа М.Батчулуун бид хоёр сөргөлдөгч талуудын генералуудтай уулзаж зохицуулалт хийж байлаа. Тэр замаар хөврөх ачааны цувааны хамгаалалтыг хангахад дэд хурандаа О.Ууганбаяр, хошууч Т.Буянбат нар санаачлагатай ажиллаж, тулгарч байсан эрсдэлүүдээс мултарч гарч байсан. Миний хувьд дөрвийн дөрвөн батальоноос Монголын батальон гэж “Үндсэрхэг үзэл” гаргаад байж болдоггүй, гэхдээ л монгол хүн учраас сэтгэл дотроо тэднийгээ гэлгүй яахав. Би монгол цэргүүддээ “Та нарыг маш өндөр үнэлж хүндэлж байна, энэ хүндлэлийг даах нь та нарын үүрэг шүү” гэдэг юм.
 
Одоо ч гэсэн манай хурандаа Б.Баатарын батальоныхон сөргөлдөгч талуудын галын шугамтай ойрхон байрлалд шинэ бааз байгуулахаар шургуу ажиллаж байгаа. Ер нь тэгээд өмнө нь монгол цэргүүдийг гадаадынхан магтахад “Цаасан малгай өмсгөж байна” гэж боддог байсан. Гэтэл бодит байдал дээр үнэхээр өөр юм билээ.
 
Дан ганц монголын батальоныхон төдийгүй тэнд ажиллаж байсан монголын штабын офицерууд, холбогч офицеруудын үүрэг гүйцэтгэл бусдаас ялгарч харагддаг. Хурандаа Ж.Молорболд, хурандаа Т.Ганбат, хошууч Ц.Эрдэнэсүрэн, Ц.Эрдэнэтуяа, М.Түвшинжаргал гээд ажлаа ёстой арван хуруу шигээ мэддэг офицерууд маань хүмүүсээ гайхалтай удирдаж, аливаа үйл хэргийг гарамгай зохион байгуулж байгааг нь харахад үнэхээр бахархмаар санагддаг байсан.
 
Ялангуяа, энд хошууч Ц.Эрдэнэтуяа гэдэг бүсгүйг онцолж дурьдахгүй байхын аргагүй. Тэр Уганда улсад ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах баазад ганцаараа ажиллаж байсан хэдий ч “Ганц дайчин ганцаардахгүй” гэдгийг харуулж чадсан төдийгүй хамт ажилладаг бүх орны цэргийн алба хаагчдын дунд нэр хүндтэй офицер байлаа. Хошууч М.Түвшинжаргал бирвааз барьцаалагдсан асуудал гарахад түүний ойролцоо байдаг Мелут хот руу илгээгдэж цагийн байдлыг маш сайн үнэлгээтэйгээр тогтмол илтгэж байсан. Дэд хурандаа Г.Болор манай офицеруудаас шилэгдэж сонгогдоод НҮБ-ын Төв штабт Африкийн асуудал, тэр дундаа “UNMISS” ажиллагааг хариуцан ажиллаж байгаа гээд тоочвол монгол цэрэг “Маш мундаг” байсан гэхээс өөр хэлэх үггүй.
 
-Сөргөлдөгч талуудын удирдлагууд НҮБ, энхийг сахиулагчдад хэрхэн ханддаг байв?
 
-Тэнд байх хугацаандаа сөргөлдөгч хоёр талын удирдлагын арваад хүнтэй уулзаж ажил төрлөө зохицуулдаг байсан. Тэд цагийн байдлыг хэрхэн үнэлж, улс төрийн талаар ямар байр суурьтай байдгаа илэрхийлж, цаашлаад НҮБ-аас санал болгосон гал зогсоох асуудлын талаар санал бодлоо хэлдэг байлаа. Ганц энэ тухай ч гэлтгүй ер нь аль ч хүмүүстэй сайхан танилцаад авбал ажил төрөлд ч сайнаар нөлөөлдөг талтай.
 
Сөрөг хүчнийхэн гээд байгаа хүмүүс нь НҮБ-ын цэргүүдэд илүү ойр дотно ханддаг. Харин засгийн газрын цэргийнхний зарим нь “НҮБ манайд юу хийж байгаа юм бэ, эд нар ажлаа хийж чадахгүй байна” гэх зэргээр ярьж, үүнээс үүдэн энхийг сахиулагчдын хөдөлгөөнийг хязгаарлана, энэ тэр гэх мэт элдэв асуудал гаргадаг байсан. Сөрөг хүчнийхнээс хамгийн ойр танилцаж, олон удаа уулздаг байсан хүн бол Шилукийн цэргийн командлагч, дэслэгч генерал Жонсон Олони. Түүнийг хүмүүс харгис, хэрцгий, догшин ааштай гэж ярьдаг байсан ч яг нүүр тулаад уулзахаар их дажгүй хүн гэдэг нь мэдрэгдсэн. Түүнийг хэрцгий гэгддэг боловч бусад генералуудтай адил хүн амьтан алаад талаад байдаггүй.
 
Тухайлбал, Засгийн газрын цэргүүдийг олзлоод “Женевийн гэрээ, конвенцийг биелүүлж байна” гээд асарч хамгаалж байх жишээтэй. Мань хүнийг Засгийн газраас нь эрэн сурвалжилж баривчлах, эсвэл шууд устгах тухай тушаал гаргачихсан учраас байрлал нь тодорхой бус байдаг. НҮБ-ын удирдлагынхан намайг Олонитой холбоотой байдаг гэхээр их сонирхдог юм. Миний хувьд Олониг Засгийн газрын цэрэгтэй хамт сөрөг хүчний эсрэг байлдаж байх үеэс таньдаг байсан нь бидний хожмын харилцаанд нөлөөлсөн гэж боддог.
 
Тэр бид хоёрын хооронд ангал үүсэж болох нэг тохиолдол гарсан нь Кака гэдэг хотын ойролцоо тэдний цэрэг НҮБ-ын бирваазыг барьцаалсан явдал. Гэхдээ бид тэр асуудлыг, ялангуяа бирвааз хамгаалахаар явж байгаад барьцаалагдсан Бангладешийн цэргүүдийг чөлөөлөхөд хэн хэнээ ойлгож зохицуулж чадсан. Олони надад жаахан хүүхдэрхүү зантай юм шиг санагддаг. Учир нь Малакал хотыг хоёр удаа эзлэхдээ хоёуланд нь намайг дуудаж уулзсан яриа хөөрөөнөөс нь нэлээд онгиргон зан илэрч байсан. Би ч хариуд нь “Албан ёсны протоколоос гадуур” гэж байгаад мэргэжлийн цэргийн хүний хувьд байлдааны ажиллагааг амжилттай явуулсанд хувийн зүгээс баяр хүргэе” гэж хэлсэн. Хожим тэрээр манай Ерөнхий командлагчтай уулзахдаа “Намайг яаж дайтдаг гэдгийг танай Баяраа генерал сайн мэднэ” хэмээн ярьж байлаа.
 
-Барьцаалагдсан Бангладешийн цэргүүдээ хэрхэн чөлөөлсөн талаараа дурсана уу?
 
-Энэ тухай ярихад их цаг зарах учраас товчхон ярихыг хичээе. Асуудал 2015 оны 10 дугаар сарын 26-д болсон. НҮБ даяар шуугиж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байлаа. Тэр үед би Монголын батальоны байрладаг Бентью хотод зохион байгуулах нэгэн том үйл ажиллагааг зохицуулах бэлтгэл ажлыг шалгах зорилготой ирээд байв. Орой нь Малакал хот буюу манай секторын штаб байрладаг газраас штабын дарга утасдаж НҮБ-ын бирваазыг шилукууд Кака хотын ойролцоо барьцааллаа гэж илтгэсэн.
 
Бирвааз гэдэг маань Нил мөрнөөр ачаа тээвэрлэдэг том завь. НҮБ-ын ачааг бирваазаар төвлөрсөн баазаас алслагдсан бааз руу тээвэрлэдэг, түүний аюулгүй байдлыг хангахаар Бангладешийн цэргүүд томилогдсон байдаг юм. Би штабын даргадаа “Эхний ээлжинд хүмүүсээ аль болох богино хугацаанд тэндээс гаргах ёстой. Үүнд тохирсон төлөвлөгөө боловсруулаад надад утсаар танилцуул” гэсэн үүрэг өгөөд “UNMISS”-ийн цэргийн командлагч руу утасдахад командлагч энэ талаар мэдээлэл авсан байсан. Би түүнд юуны өмнө Шилукийн цэргийн командлагчтай очиж уулзах шаардлагатай байна гэж санал болгоод “Тусгай нислэгийн зөвшөөрөл”-ийг “UNMISS”-ийн удирдлагаар зөвшөөрүүлэхийг хүссэн.
 
Арваад минутын дараа штабын дарга маань утасдаж Какатай хамгийн ойрхон байрладаг Мелут хотод байрлаж байгаа НҮБ-ын баазаас цэрэг хөдөлгөж барьцаалагдсан хүмүүсийг суллах, түүнээс гадна Шилукийн лидер генерал Олонитой уулзаж хүмүүсээ татан гаргах гэсэн хоёр хувилбар санал болгосон. Миний хувьд “Хоёрдугаар хувилбараар ажиллагаа явуулахыг зөвшөөрч байна энэ талаар бэлтгэл ажлаа ханга” гэдэг тушаал өгсөн.
Маргааш нь би Малакал хот руу нисч, тэндээс нисдэг тэргээ сольж Шилукийн цэргийн штаб байрладаг Тонга гэдэг газар очсон. Тэнд Олони генералтай уулзаагүй, тэр өвчтэй байна гээд ирээгүй, би түүний орлогч нартай нь уулзаж маргааш нь тэдэнтэй цуг Кака руу нисэхээр тохиролцсон. Маргааш нь тэнд цэргүүдээ бүгдийг нь барьцаанаас эсэн мэнд суллаж, нисдэг тэргээр авчирсан. Бангладешийн цэргүүд сэтгэл санаагаар нэлээд унасан бололтой харагдаж байлаа.
 
Барьцаалагчид буюу Шилукийн цэргийнхэн НҮБ-ын бирваазаар зөөвөрлөж явсан шатахууныг дээрэмдэх зорилготой байсан юм билээ. Манай цэргүүдийн буу зэвсэг, холбооны хэрэгсэл, хувийн гар утаснуудийг хүртэл хурааж аваад эргүүлж өгөөгүй. Дараа өдөр нь барьцаанд байсан цэргүүдтэйгээ уулзахад, тэдний заримыг “буудаж ална” хэмээн сүрдүүлсэн, Шилукийн бригадын командлагч “Та нарын амь, амьдрал бидний гарт байна” гэх зэргээр бүдүүлэг аашилсан тухай ярьж байсан.
 
-Манай цэргийнхний санааг зовоож байдаг малиар өвчнөөс яаж сэрэмжилж байв?
 
-Энэ өвчин тэндэхийн хүмүүсийн хувьд манай хамрын ханиад маягийн өвчин юм байна гэж санагдсан. Малиар туслаа, эдгэрлээ гэж хүмүүс ярьдаг. Нассир гэдэг хотод зэвсэг устгах ажиллагаа болж, тэнд орон нутгийн төлөөллийг гэрчээр оролцуулах талаар яригдахад би тэнд байдаг тусгай хүчний бригадын захирагч руу утасдаж “Ирээч” гэхэд “Би малиар тусчихаад хэвтэж байна” гэж хэлсэн. Гэтэл цагийн дараа нөгөө генерал маань ирчихсэн сууж байхаар нь асуухад “Гайгүй эдгэрч эхэлсэн” гэж байсан.
 
Малиарын вирус шумуулаар дамждаг. Гэвч тэнд шумууланд хатгуулахгүй гэх баталгаа байхгүй тул шумуулаас хамгаалах тос, түрхлэгээ л марталгүй сайн түрхэж байвал малиараас сэргийлэх хамгийн сайн арга юм гэж ойлгосон. Шумуулын хувьд манай Ховд, Сэлэнгэ, Халх голынх шиг тийм олон биш ч малиар өвчин тээгээд байдагтаа л гол эрсдэл нь байдаг.
 
-Энхийг сахиулах ажиллагаа гэж чухам юу вэ?
 
-Энэ бол цэргийн дипломат үйл ажиллагааны маш том хэлбэр. Монгол Улс Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалдаа “Улс төр дипломатын аргыг урьтал болгоно” гээд тусгачихсан байгаа.
 
Мэргэжлийн зүгээс авч үзвэл, аливаа улс орнуудын Зэвсэгт хүчнийхэн тодорхой хэмжээний бие бүрэлдэхүүнээ бодит байдал дээр бодит ажиллагаанд бэлтгэх сургалт дадлагаа төгөлдөржүүлэх цорын ганц боломж.
 
Эх сурвалж:  "Соёмбо" сонин