sonin.mn
Налайх хотын захирагч Ш.Хаантай ярилцлаа. Тэрээр захирагч болсноосоо хойш хэвлэлд анх удаа ярьж байгаа юм.
 
-Налайх дүүргийн Засаг дарга, Налайх хотын захирагч гэхээр эрх үүргийн хуваарилалт ямар байх вэ?
 
-Төвлөрөл хүн амын нягтаршлыг бууруулж,  дэд бүтцийн хүндрэлийг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн дагуул хотыг бий болгосон. Тэр утгаараа Налайх хот, Улаанбаатар хотын анхны дагуул хотын статустай болж үндсэн дүрмээ хотын иргэдээрээ хэлэлцүүлж 98 хувьтай баталлаа.
 
Ингээд үндсэн дүрмийнхээ дагуу Захирагчийн сонгуулийг зохион байгуулж хотын захирагчаа шууд сонгосон. Налайх хот дагуул хот гэдгээрээ эдийн засгийн хувьд нийслэлээс хамааралтай байгаа. Засаг дарга, хотын захирагч гээд хоёулаа байхаар хүмүүс эрх үүргийг нь сайн ялгахгүй байх шиг байгаа юм.
 
Засаг даргын хувьд төрийн үйл ажиллагааг орон нутагт явуулах мөн нийгмийн бодлого, эрүүл мэнд боловсролын талын асуудлыг хариуцан ажиллана.
 
Хотын захирагч хот төлөвлөлт, дэд бүтэц, нийтийн тээвэр, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг хот нийтийн аж ахуйн чиглэлийг барьж ажиллана. Ингэснээр дүүрэг, хотын ажил үүргийн хуваарь тодорхой болж байгаа юм.
 
-Таны хувьд ажлаа аваад таван сар гаруй боллоо. Захирагчтай болоод шинэ бүтцээр ажиллаад явахад үр дүн хэр гарч байна?
 
-Захирагч болон захирагчийн Ажлын албатай болсноор хотын дэд бүтэц тохижилт цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд хотын харъяанд ирсэн. Захирагчийн албатай болоод ирэхээр үйл ажиллагаа эрс сайжирч байгаа юм. Захирагчийн Ажлын албаны бүтэц маш цомхон. Захиргаа санхүү, Хот байгуулалт, Нийтийн үйлчилгээ гэсэн гурван хэлтэстэй. Эдгээр хэлтсүүд харъяа байгууллагуудтайгаа маш сайн уялдаа холбоотой ажиллаж байна. Ялангуяа замын цэвэрлэгээ, мөн хог ачилт дээр шинэ менежмент хэрэгжүүлснээр үр дүн гарч байна. Иргэд маань ч их дэмжиж байгааг хэлэхэд  таатай байна. Мөн захирагчийн Ажлын албыг орон тоо нэмсэн гэж харж болохгүй, өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын тамгын газраас Тохижилт үйлчилгээ, Захиргаа хуулийн хэлтсийн 14  төрийн захиргааны мэргэжилтнийг манайд шилжүүлэн ажиллуулсан юм.
 
Захирагчийн Ажлын алба байгуулахтай зэрэгцээд өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байлаа. Улс эх орны эдийн засаг хүнд байгаа болохоор өөрсдийн нөөц бололцоог ашиглаж цас мөс хайлуулах 20 тонн бодис 35 тонн давс зэргийг бэлдэж авлаа. Хот доторх замын хальтиргаа гулгааны асуудлыг цаг тухайд шийдвэрлэж чадаж байна. Мөн дүүрэгтэй хамтраад малчдад зориулсан фондны өвс бэлтгэх ажлыг хангасан. Хот өвөлжилтөд бэлэн, ажил хэвийн явагдаж байна. Иргэд юу хүсч байна тэр санал хүсэлтэд нь тулгуурлан цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
 
-Нийслэлээс хуваарилсан төсвийг зарцуулах эрх таньд байгаа юу?
 
-Төсөв зарцуулах эрх шууд надад ирэхгүй. Заавал дүүргээр дамжина. Хоттой холбоотой хөрөнгө оруулалтыг дүүргээс авах боломжтой. Тухайлбал, дулааны шу­гам сүлжээ, зам барилга байгууламж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт ажлын төсөв дүүргээс хот руу шилжиж орно.
 
Хүмүүс Засаг дарга байхгүй захирагчтай болсон гэж буруу ойлгоод байгаа юм. Налайх дүүрэг дотроо Налайх хот болж өөрийн гэсэн эдэлбэр газартай эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг Монгол Улсын хууль тогтоомж, хотын үндсэн дүрмийн хүрээнд удирдах, зохицуулах бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар дүрэмд тусгасан.
 
-Засаг дарга, хотын захирагч хоёр эрх мэдлээ булаацалдах асуудал гарах уу?
 
- Засаг дарга, захирагч хоёрын хувьд эрх мэдэл булаацалдах асуудал байхгүй гэж хэлье. Ярилцаад ойлголцоод бид хамтраад ажиллаж байна. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр юу хийх вэ гэдгээ хотын иргэдээс саналыг нь авч эрэмбэлэн хотын зүгээс юу хийх, дүүрэг юу хийхийг шийдсэн байгаа. Ер нь эрх үүрэг нь тодорхой учраас зөрчилдөх зүйл гарахгүй байна.
 
-Та Э.Бат-Үүл даргаас үүрэг авах уу?
 
-Улаанбаатар хотын захирагчаас шууд үүрэг даалгавар авдаггүй. Учир нь Налайх хотын захирагч олон нийтийн сонгуулиар сонгогдож гарч ирсэн. Асуудлаа бие дааж хууль, дүрмийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ Э.Бат-Үүл даргатай байнга харилцаатай байдаг. Тэр хүнээс суралцаж, асууж тодруулах зүйл гардаг. Мөн намайг болон хотын  ажлыг их дэмжиж тусалж байна.
 
-Таны мөрийн хөтөл­бөрт уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тусгасан байдаг. Энэ тал дээр ямар ажил хийж байгаа вэ ?
 
- Тийм ээ. Миний мөрийн хөтөлбөрт уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, уурхай байгуулах талаар орсон байгаа. Ажил авснаасаа хойш багагүй зүйл хөөцөлдөж, олон ч байгууллага, хувь хүмүүстэй уулзаж байна.“Сүмбэр худаг” компанийн удирдлагын зүгээс Налайх хоттой хамтран ажиллах саналаа бидэнд илэрхийлсэн. Тус компани эхний ээлжинд 300-500 хүн ажиллаж, жилдээ 800 мянган тонн нүүрс олборлох уурхайн төслийг бэлэн болгоод байгаа юм байна. Хотынхоо зүгээс тодорхой хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллана.  Уурхайд ажиллах боловсон хүчин манайд хангалттай бий.
 
-Ер нь одоогийн хууль эрх зүйн орчин, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломж хэр байна вэ ?
 
-Хууль эрх зүйн орчин, эдийн засаг муу байна гэхгүйгээр мөрийн хөтөлбөрөө биелүүлэх тал дээр ажиллах болно. Цаг хугацаа байна. Хотдоо эдийн засгийн таатай нөхцлийг бий болгоно. Би өөрийн баг, хотын иргэдэд их итгэлтэй, урам зоригтой байгаа.
 
Аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх сонирхолтой байгаа. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд тодорхой хэмжээний газрыг эдийн засгийн чө­лөөт бүс буюу худал­дааны парк болгохоор төлөвлөж байна. Ер нь Тэрэлжээс эхлээд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж бий.
 
Хот болсны дараа БНХАУ, БНСУ, БНУУ, Турк зэрэг улсаас Налайх хоттой холбоо тогтоож хамтран ажил­­лах хүсэлтээ илэр­хийл­сэн. Хотын зүгээс эдгээр улстай гэр  хорооллын дахин төлөвлөлт, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг асууд­луудаар хамтран ажиллахаар ярилцаж байна.
 
-Орон сууцжуулах ажил хэр хийгдэх вэ. Бараг Улаанбаатар хотоос дутахааргүй утаатай байна шүү?
 
-Налайх хот Улаан­баатар хотоос илүү утаа­тай болчихоод байгаа. Тиймээс хотынхоо гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах шаардлагатай байна. Иргэд маань энэ ажлыг эхлүүлэхийг хүсэж байгаа. Эхний ээлжинд хоёрдугаар хорооны Нарлаг хороололд дэд бүтцийн ажил хийгдэж байгаа энэ оны долдугаар сард дуусгахаар төлөвлөсөн. Мөн нэгдүгээр хороонд 26 га,18 гудамжны 300 орчим өрхийн газар дахин төлөвлөлтөд орсон. Гадаадын компанийн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажил гэрээ хэлэлцээрийн шатанд явж байна.
 
Ингээд хотынхоо нийт иргэддээ сар шинийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд ая тухтай, сайн сайхан амьдралын төлөө хамтдаа хийж бүтээхийг уриалж байна. Танай сонины хамт олонд мөн ажлын амжилт хүсье.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин