sonin.mn

ВАШИНГТОН. /TASS/. 2015 онд 71 сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бол бараг 200 сэтгүүлчийг шоронд хорьжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри пүрэв гарагт “The Washington Post” сонины редакцын шинэ барилгыг нээх ёслолд үг хэлэхдээ мэдээлсэн байна.

“Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 71 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан бол нэмээд бараг 200 сэтгүүлчийг шоронд хорьсон” гэж Төрийн департаментын тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, урьд нь “сэтгүүлчид санамсаргүй тохиолдлоор амиа алддаг байсан. Зарим нь галын шугаманд санамсаргүй ордог байсан бол зарим минад өртдөг байлаа. Харин одоо тийм биш болжээ. Урьд нь сэтгүүлчдийг ангуучилдаггүй байсан бол одоо тэднийг ангуучилж байна. Өнөөдрийн байдлаар сэтгүүлчдийн гуравны хоёр орчим хувь нь мэргэжлийнхээ улмаас хүчирхийлэлд өртөн амиа алдаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн департамент мөн “ихэнх тохиолдолд гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлж чаддаггүйг” онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, “бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид, блогчид, гэрэл зурагчид, телевизийн хөтлөгчид өнөөдөр байнга бие, сэтгэлийн болон улс төрийн дарамтад байна”. Сэтгүүлчдийг ингэж үнэлж байгааг тэрбээр “21 дүгээр зуунд дэлхий дээр ердөө зургаан хүний нэг нь жинхэнээсээ хэвлэлийн эрх чөлөөтэйд тооцогддог оронд амьдарч байгаатай холбон дүгнэсэн байна”.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг