sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар БНХАУ, БНАСАУ, Унгар, Итали улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр томилох шийдвэр гаргалаа. 

Ерөнхийлөгчөөс энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудалд БНХАУ суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, БНАСАУ-д суух Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар улсад суух Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, БНИтали улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг УИХ-д ирүүлсэн юм. Эдгээр албан хаагчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой хэмээн үзэж нэр дэвшүүлснийг Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн.

Мөн энэ асуудалтай холбогдуулан одоогийн Элчин сайдууд болох Ц.Сүхбаатар /БНХАУ/, М.Ганболд /БНАСАУ/, Т.Ганди /Унгар/, Ш.Одонбаатар /Итали/ нарыг эгүүлэн татах санал ирүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхдээ эгүүлэн татаж буй Элчин сайд нарын ажлыг хэрхэн дүгнэж байгаа, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, уламжлалт харилцаатай улс орнуудтай харилцаагаа илүү өндөр түвшинд гаргах, дипломат албаны томилгоо ямар шалгууртай байдаг, дипломат ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, тэдний нийгмийн халамжийн асуудалд анхаарах,  гадаадад боловсон хүчин оновчтой бэлтгэх түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй ажиллах боловсон хүчин сургах зэрэгт анхаарлаа хандуулж байв.

Ингээд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхын санал авсан юм. Шинээр томилогдож буй Элчин сайдуудаг УИХ-ын гишүүдийн захиасыг хэрэгжүүлж ажиллахыг УИХ-ын дарга З.Энхболд сануулж, ажлын амжилт хүслээ.

Н.Туяа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг