sonin.mn

Олон нийтийн цахим сүлжээгээр "Сар шинийн баяраар 7 хоног амарна" гэсэн ташаа мэдээ түгээж байгаатай холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас албан ёсны мэдээлэл авлаа.   

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, Цагаан сараар 7 хоног амрах болсон гэх мэт ташаа мэдээлэл гарч байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ээс тодруулахад "УИХ-ын чуулган, байнгын хороодоор үүнтэй холбоотой нэг ч хууль хэлэлцэж, батлаагүй" гэж хариуллаа. 

Хэрэв ажлын өдөрт зохицуулалт хийх бол холбогдох яамнаас хүсэлт гаргасны дагуу Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гардаг. Харин Засгийн газрын ХМОНХА-аас "Засгийн газрын хуралдаанаар ийм асуудал огт яригдаагүй. Хөдөлмөрийн яамнаас зохицуулалт хийх эсэх талаар албан ёсоор тодруулахад зохицуулалт хийхгүй, хуулийн дагуу амарна хэмээн хариулав.  Тиймээс ажлын өдрүүдийг шилжүүлэх талаар ямар ч шийд Засгийн газраас гарахгүй" гэж мэдэгдлээ. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт "Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна" гэж заасан байдаг. Тиймээс энэ дагуу хоёрдугаар сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарч, 8, 12-нд хэвийн ажиллах юм. 

Н.Гантуяа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг