sonin.mn

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд олон нийтийн гудамж талбай, ахуйн хүрээнд байнга согтууруулах ундаа хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа иргэдэд зориулж “Гэр бүлийн үнэ цэнэ, гэрэлт ирээдүй” сургалтыг хороодод зохион байгуулж байна.

 Хүн байхын утга учир, гэр бүлийн үнэ цэнэ, тэдний хамтын амьдралын ээдрээг хэрхэн даван туулахад дэмжлэг үзүүлэхээр гэр бүл судлаач, багш М.Баясгалан илтгэл тавин, холбогдох мэргэжилтнүүд хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2015 оны 12 дугаар сарын судалгаагаар тус дүүргийн 7, 8, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл болон ахуйн хүрээнд архидан согтуурах дуудлага мэдээлэл түлхүү иржээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын ажлын алба, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран дээрх сургалтыг үе шаттай явуулах ажээ.