sonin.mn

Монгол Улс шүүхийн тухай багц хууль баталсан. Гэсэн ч шүүгчийн хариуцлага, ёс зүйн асуудлыг хэрхэн хянах вэ гэдэг дээр нарийвчлан хэлэлцүүлэг явуулж, эрх зүйн орчноороо тодорхой болгох шаардлагатай гэж үзээд ШЕЗ-өөс өнөөдөр "Шүүгчийн ёс зүй ба хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг хийлээ.

Уг хэлэлцүүлгийг ШЕЗ-ийн дарга, хууль зүйн доктор Н.Лүндэндорж нээж "Монгол Улсын шүүх байгууллага шинэтгэл хийж, 10 үр дүнгээ танилцуулсан нь саяхан. Шүүхийн эдийн засгийг баталгаажуулахад нэгдүгээрт, шүүгчийн хариуцлагатай ажиллах томоохон хөшүүрэг болсон цалинг 2.7-3.3 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр Монгол Улсын төрийн албан хаагчдаас шүүгч хамгийн өндөр цалинтай нь боллоо хэмээн зарласан. Хоёрдугаарт, шүүхийн улсын төсөвт эзлэх хувь хэмжээг нэмсэн явдал ч багтана. Шүүгчийн хараат бус байдлыг хангахад эдийн засаг, эрхзүй, тогтолцооны хэмжээнд шинэчлэл хийснээр шүүгчийн хариуцлагатай, бие даан ажиллах нөхцлийг бүрдүүллээ" гэдгийг онцоллоо.

Шүүгчдийн бие даан ажиллах нөхцлийг хангасны дараа хариуцлага, ёс зүйг хэрхэн дээшлүүлэх вэ гэх асуудал урган гарч  өнөөдрийн хэлэлцүүлэгт Шүүхийн Судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, профессор, хууль зүйн ухааны доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны дарга, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.сарантуяа, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан нар үндсэн илтгэл тавилаа.   

Шүүхийн ёс зүйн хороонд ирэх гомдлын 70-80 хувь нь шүүгчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбогддог. Хэдий тийм ч шүүхийн үйл ажиллагаа нэг бол иргэний талд, эсвэл нөгөө талд гардаг. Тиймээс өөрийнх нь талд гараагүйгээс шүүгчийг ёс зүйн доголдол гаргадаг хэмээн дүгнэх хэсэг ч байдгийг илтгэгчид онцоллоо.

Шүүгчид хуулиар олгогдсон зарим үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй, аливаа нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлээр үнэлэх үе шүүгчид тохиолддог. Монгол Улс "Шүүхийн тухай багц хууль" гаргасан хэдий ч шүүгчийн хариуцлага, ёс зүйн асуудлыг хэрхэн хянах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс анх удаагийн хэлэлцүүлгээр зогсохгүй байх нь чухал гэдгийг үг хэлсэн хүмүүс санал болгов. Тиймээс Шүүгчийн ёс зүйн дээр нарийвчлан дахин хэлэлцүүлэг явуулж, эрх зүйн орчноо нэн тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Прокурор, Дээд шүүхийн удирдлага, шүүгчид, дүүргийн шүүхийн ажилтнууд өргөнөөр оролцсоноос гадна хөдөө орон нутгийн 41 шүүхийн Тамгын газрынхан онлайнаар шууд холбогдон санал бодлоо хэлэлцэж байсан нь онцлог болсон юм. Мөн нийгмийн сүлжээнийхэн, ТББ-ын төлөөллүүд ч оролцсон нь хэлэлцүүлгийн ач холбогдлыг өндөрт өргөсөн үйл явдал болсныг ШЕЗ-ийнхөн үнэлж байлаа.

Ж.Батсайхан 

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг