sonin.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тов, тойргийн дугаар, мандатын тоог тогтоох асуудлыг хэлэлцэх үеэр нийслэлийн мандатыг нэмэх талаар АН-аас гаргасан санал олонхийн дэмжлэг авалгүй уналаа.

Хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлгийн гишүүдээс гаргасан зарим тойргийг хасч, нэмэх, нэгтгэх тухай зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгасан юм. Тодруулбал, “Завхан, Увс, Хэнтий, Дорнод аймгийн тус бүр хоёр мандатаас нэгийг хасч дөрвөн мандатыг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нэмэх”, “Дорноговь-Говьсүмбэр аймгийн тойргийг салгаж Дундговь-Говьсүмбэр аймгийн дунд нэг тойрог болгох, Дорноговь аймгийг тусад нь тойрогтой болгох”, “Налайх дүүрэг Хан-Уул дүүргийг нэгтгэн нэг тойрог болгох” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгасан ч олонхи  дэмжсэнгүй. Ингэснээр сонгуулийн мандатыг 2012 оны жишгээр тогтоох асуудал дэмжигдэж байгаа юм.

Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг хуралдахаар цуглав. Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдаж энэ асуудлыг эцэслэх юм. 

Н.Туяа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг