sonin.mn
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тариалангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан.
 
Тухайлбал, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ба энэ хуулийн 26.2-д заасан шинжилгээний дүнгээр хөрсний үржил шимийг доройтуулаагүй нь тогтоогдсон байх, хуульд заасан нөхцөл болзол, газар эзэмшүүлэх гэрээг зөрчөөгүй байх, тариалангийн газрыг зориулалтын дагуу ашигласан байх шаардлагыг хангасан байна. Энэ хуулийн 24.2-т заасан мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэгч нэг удаа хариуцна. 
 
Агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга хэмжээ авах талаар тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид 2-5 жилийн хугацаатай мэдэгдэл өгч, зөвлөмж хүргүүлнэ гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн олонхын дэмжлэгийг тус тус авлаа 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"