sonin.mn
Байгаль цаг уурын ямар ч нөхцөлд хилээ хамгаалж зогсоо цэргүүд, тэднийг удирдаж дэд бүтэц, харилцаа холбооноос амьдралаа “тасалсан” хилчдийн албыг тэр бүр хэн хүсэх билээ.
 
Тэдэнд албан үүргээ нэр төртэй, тэсвэр тэвчээртэй гүйцэтгэхэд тусалж, мэдээллээр хангаж соён гэгээрүүлж байдаг, нэг үгээр сэтгэлзүйчид гэж нэрлэж болох чухал албан тушаалтан бол анги, отрядын Сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга нар юм. Тэд эх орны өнцөг булан бүрээс ангиа төлөөлөн Хил хамгаалах ерөнхий газарт өнгөрсөн долоо хоногт цугларч, сургалтад хамрагдлаа.
 
Хил хамгаалах бай­гууллагын гол ачаа, амин сүнс нь 8252 км үргэлжлэх Монгол Улсын дархан хил дээр үүрэг гүйцэтгэж яваа хилчдийн нуруун дээр тогтдог.  Тэдний сэтгэл зүрх ямагт тайван, эх орноо гэсэн үзэл хугарахгүй, нугарахгүй байлгахад эдгээр албан хаагчид ихээхэн үүрэгтэй.
 
Хил хамгаалах байгууллагын хэмжээнд сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаныхны дагнасан цугларалт хоёр дахь удаагаа болж буй аж. Салбарын яам, хил хамгаалах байгууллагын удирдлагуудаас хил­чидтэй ажиллах арга барил, тогтолцоог улам боловсронгуй болгоход анхаарал хандуулж байгааг сургалтын үеэр он­цолж байлаа. Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын Сэт­гэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн дарга, ху­рандаа Х.Энхтайван “Хүнтэй ажилладаг хүн байнга хөгжиж байх нь цаашид байгууллагын бүх хүн хөгжихөд чухал нөлөөтэй.
 
Тиймээс ч сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны ажилтнууд бусдаас илүү оюунлаг, мэдлэгтэй байхын төлөө сурч, өөрийгөө дайчилж ажиллаж байж бусдыг сургаж, сэтгэлзүй, хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлнө. Энэ чиглэлээр он гарсаар нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Тухайл­­бал, Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын ёс зүйн дүрэм, Хил хамгаалах бай­гууллагын албан хаагчдын сэтгэлзүйн хангалтын заавар зэрэг удирдлагын баримт бичгийг шинэчлэн боловс­руулсан” гэлээ.
 
Энэ удаагийн сургалт зөвхөн мэргэжлийн аргазүйн төвшинд явагдаад зогсоогүй Хувь хүний хөгжлийн институттай хамтарсан нь нүдээ олсон ажил гэж сургалтад оролцогчид ам сайтай байлаа. Сургалтын дөрвөн хоногт тус институтаас хувь хүний хөгжил, илтгэх урлаг, гэр бүлийн харилцаа зэрэг олон сэдвээр албаны дарга нарт хичээл заажээ. Энэ тухай Баян-Өлгий аймаг дахь хилийн дугаар ангийн Сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга, ахмад Х.Соёл-Эрдэнэ “Сургалтын хувьд маш системтэй, дараалалтайгаар явж бай­гаагаар онцлог боллоо.
 
Хувь хүний хөгжил, илтгэх урлаг зэрэг нь бидэнд тодорхой хэмжээгээр тулгамдаж байгаа асуудал. Бид ажлаа юунаас эхлэх, яаж сайжруулах, хил­чидтэй хэрхэн харь­цахаас эхлээд гэр бүлийн амьдралд ч чухал нөлөөтэй сургалтыг авч чадлаа. Хэдийгээр өөр, өөр чиглэлээр сургалт авсан ч эцэст нь албаны ажлаа явуулахад тустай. Бид соён гэгээрүүлэх сурталчлах ажлын нэг чиглэлийг баримталж байсан бол одоо арай өргөн хүрээнд арга барилын хувьд өөрчлөгдөнө” гэсэн юм.
 
Хувь хүний хөгжлийн институтын сургалтаас анги, отрядын сэтгэлзүйчид сургагч багшаар бэлтгэгдсэн юм. Тэдэнд мэргэжлийн сэтгэл судлалын багш нар ч номын дуу сонсгосон. Тэд анги, салбартаа буцаж очоод хилчдэдээ заах ёстой. Өмнөговь аймаг дахь хилийн дугаар ангийн Сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга, дэд хурандаа У.Батсайхан “Энэ удаагийн сургалтаас ганзага дүүрэн буцлаа” хэмээсэн юм. Тэрээр “Үндсэн хуулиар 18 нас хүрсэн хүн цэргийн алба хаах үүрэгтэй. Залуус нэг л өдөр зарлан дуудах хуудас аваад хилийн отряд, ангиудад очиж байгаа. Цэргийн албаны нэг жилийн хугацаа ч тэдний хувьд амьдралын сургууль болдог. Зөвхөн хил манахаас гадна сурч, боловсрох олон зүйл бий.
 
Тэдэнд цэргийн амьдралын тухай, эх орноо хайрлах, хамгаалах үзлийг төлөвшүүлэх нь бидний ажил. Энэ ажлаа амжилттай, үр дүнтэй гүйцэтгэхэд энэ удаагийн сургалт ач холбогдолтой, өмнөх сургалтуудаас шат ахисан” гэж онцлов. Түүнч­лэн Дорнод аймаг дахь хилийн дугаар ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сур­тал­­чилгааны албаны дарга, дэд хурандаа Л.Гантөгс ч ийм байр суурьтайгаа илэрхийлсэн. Тэрээр “Хил хамгаалах бай­гууллагын нэр хүндийг авч явах, өнгийг тодорхойлох хү­мүүс хилийн отряд ан­­гиудын мэдээлэл соёл сурталчилгааны дарга нар. Тэдэнд юм сонсговол хил хамгаалах байгууллагын бодлого чиглэлийг доод шатанд хүргээд үр дүн эерэгээр гарна гэж олж харсан нь маш зөв.
 
Бид хил дээр байгаа хилчдэдээ зөв мэдээллийг өгөх ёстой. Манай ангийн хувьд дөрвөн сумтай хиллэдэг. Хоёр боомттой. Гэрээт цэргийн албан хаагчтай. Байнгын бие бүрэлдэхүүн буюу офицер ахлагч нарын хүчээр улсын хилийг хамгаалж байна. Гэрээт хилчдийн хувьд ойлгох чадвар, албанд хандах хандлага өөр. Тэд илүү хариуцлагатай. Сургалтад хамрагдаад ангиуддаа яаж хүргэх нь тухайн хувь хүнээс шалтгаална” гэсэн.
 
Шувуу ч нисч харагдахгүй цэлийсэн талд хилийн манаанд гарахаас эхлээд цэрэг хүний хувьд тэсвэр, тэвчээр шаардсан олон сорилт хугацаат цэргийнхний өмнө тулгамддаг. Ээж аавынхаа дэргэдээс холдож үзээгүй нэг нь нэг л өдөр өөр орчинд ирж, эрх үүрэг нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдахад л тэсвэр алдаж үүргээ умартах тохиолдол байна.
 
Оны өмнөхөн Сэлэнгэ аймаг дахь хилийн дугаар ангиас ийм л шалтгаанаар хоёр цэрэг оргож цагдаа, цэр­гийнхнийг сан­дар­га­сан. Сэтгэлзүй, мэдээлэл, соёл суртал­чил­гааны албаныхан чадлынхаа хэрээр ажиллаад ч олон аавын хөвгүүдийн хэн нь ямар бодол тээхийг хэрхэн мэдэх билээ. Тэдэнд чу­хам гэр бүл, сургуулийн орчноос эх орноо гэсэн үзлийг бүрэн авсан бол өөрийгөө болон өрөөлийг хэрэгт холбогдуулах алхам хийхгүй гэдэгт олон хүн санал нэгдэж байгаа юм.
 
Энэ тухайд Хил хамгаалах ерөнхий газрын Сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Цэдэндорж “Цэргүүдэд эх оронч үзлийг цэргийн алба хаах хугацаанд төлөвшүүлэх тийм амар биш. Залууст эх орноо хайрлах, хамгаалах суурь боловсрол олгох нь чухал. Ерөнхий боловсрлын сургуулиас зааж эхлэх ёстой. Гэвч боловсрлын салбарт үүнийг ярих нь битгий хэл цэргийн алба төгссөн багш нар хомс” гэлээ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин