sonin.mn
Европт 2015 онд дүрвэгсдийн хямралаас илүү том наймаа байсангүй. Үүнийг сайн мэдэж байгаа Туркийн мафиуд өөрсдийн эргээс Эгийн тэнгис хүртэл томоохон дүрвэлтийг зохион байгуулж, 800 мянган хүнийг тус бүрээс нь 400 евро авч Европ руу илгээжээ.
 
Македоны түшмэлүүд ч дүрвэгсдэд галт тэрэг гаргаж өгөхдөө ашиг унагахаа мартсангүй, таван еврогийн тасалбарыг 25 еврогоор зарж байна. Сербийн ашиг хонжоо хайгчид орогнол хайж яваа дүрвэгсдэд автобусны тасалбарыг гурав нугалан заржээ.
 
Энэхүү том наймаанд зөвхөн Европын томоохон гэмт бүлэглэлүүдийг хамаатуулах нь учир дутагдалтай. Италийн зартай Каморра, Коза Ностра, Ндрангета мафи төр, улсын хүч бололцоо хүрэлцэхгүй байгаа орон зайг эзэлж, Сири, Ирак, Афганистанаас ирж буй цагаач, дүрвэгсдээс ашиг унагасаар байгаа юм.
 
“Financial Times” сонинд бичсэнээр, Коза Ностра, Каморра бүлэглэл дүрвэгсдийн хоргодох байр, хоол хүнсний хангамж зэрэг Италийн төрийн тусламжийн системийг “хувьчилж аваад” байгаа аж. Эдгээр үйлчилгээний зөвшөөрлийг хэрхэн олгосныг цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
 
“Энэ бол маш өргөн тархсан бэрхшээл. Орогнол хүссэн хүмүүс том наймаа болон хувираад байна. Олон хот дахь олон төв энэ асуудалд орооцолдсон гэж үзэж байгаа” хэмээн Либера дахь мафийн эсрэг байгууллагын ажилтан Габриелла Страмацциони ярилаа. Дүрвэгсдийг ашиглан хийж буй наймааны эргэлт зөвхөн Италид 800 сая еврод хүрээд байна. Заримдаа мафиуд дүрвэгсдээс урьдчилан мөнгө авч өөрсдийн хөлөг онгоцоор авчирч байгаа аж.
 
Эрх баригч түшмэлүүд цагаач, дүрвэгчдэд үйлчилж, хамгаалахын оронд ашиглаж, мөнгө олохыг урьтал болгож байна. Коза Ностра, Каморра бүлэглэл энэ төрлийн наймаагаа өргөжүүлэх арга зам хайх болжээ. Мафиуд Газар дундын тэнгисийн төв замыг ашиглах нь улам багасч, Эгийн тэнгисийн боомтуудыг өөрсдийн том боломж хэмээн харах болсон байна. Тэнд Турк болон Грекийн Засгийн газрын анхаарал суларч, нүх сүв гарсныг мафиуд овжин ашиглаж байгаа аж. Хууль бус, хуулбарласан хувцасны наймааны ихэнх хувийг хянадаг Каморра мафи маш муу материалаар хуурамч аврагч хантааз үйлдвэрлэж цагаачдад шахах болжээ.
 
Мөн Эгийн тэнгисийг гатлах гэж байгаа цагаачид болон Туркийн хүний наймаачдад зориулж хийлдэг завь үйлдвэрлэн нийлүүлэх болсныг хуулийн, хүмүүнлэгийн байгууллагууд анхааруулж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Грекийн Лесбос арал дээр нэг өдөрт л цагаач, дүрвэгчдийг ачсан 100 орчим завь ирж байжээ. Мафи, гэмт бүлэглэлүүд цагаач, дүрвэгчдийн наймаанаас хар тамхинаас илүү ашиг олох болсныг тэдний хоорондын телефон ярианаас мэдэж авсан юм. Европт орж ирээд байгаа нэг сая орчим цагаачийн 170 мянга нь Италиар дамжин орж иржээ. Мэдээж тэдний хоол хүнс, хувцас хунар гээд “үзүүлэх үйлчилгээ” мундахгүй.
 
Тиймээс төв Европ хүртэлх аян замынх нь туршид тэдэнд савтай ус, хачиртай талхыг хүртэл хэд нугалан зарж ашиг унагаж байна. Мөн гар утасны сим карт, өвлийн хувцас, ороолт, малгайг Unicef-ийн төвүүдээс үнэгүй тараадаг ч мафиудын гараар орж, цагаачдын гар дээр очихдоо дамлагдан зарагдаж байгаа юм. Италийн мафиуд Африкийн хойд хэсгийн хар тамхины мафиудтай холбоо тогтоож Газар дундын тэнгисээр мансууруулах бодис, хүний наймаа хийж байна. Италийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар, эдгээр мафиуд цагаач, дүрвэгсдийг ашиглан хар тамхи зөөж, эмэгтэйчүүдийн биеийг нь худалдан ашиг олж байгаа ажээ.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин