sonin.mn
Ч.Сайханбилэг сорилтод бүдэрсэнгүй, засгаа хадгалж үлдэж чадсан юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох гомдол Үндсэн хуулийн Цэцэд хүрсэн. Хэрэв Цэц УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзвэл З.Энхболд гаргавал жирийн гишүүн болж хувирна.
 
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдралд эгзэгтэй мөчүүд дүүрэн байлаа. 2014 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээс нь хойш нэг жил хоёр сарын дараа Ч.Сайханбилэгийг энэ суудалдаа тогтож үлдэх үү, үгүй юу гэдгийг сорив. Улмаар сорилтод бүдэрсэнгүй тэрбээр засгаа хадгалж үлдэж чадсан юм.
 
Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн амьдралын гол өрнөл байлаа. Эрх баригч АН олон асуудал дээр дотроо хагаралтай байгаа хэдий ч засгийн газраа хадгалж үлдэх тал дээр эв нэгдэлтэй байсан бол сөрөг хүчний зүгээс Г.Уянга гишүүний урт хугацаанд 19 гарын үсэг цуглуулж байж өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг чадах ядахаараа дэмжин Ерөнхий сайдыг унагахыг хичээв. Парламентад суудалтай бусад улс төрийн хүчнүүд, бие даагчид ерөнхийдөө дээрх хоёр талд хуваагдаж байлаа.
 
Бүрэн эрхийнхээ хугацаанд 100 хувийн ирц бүрдүүлсэн чуулганы нэгдсэн хуралдаан гарын таван хуруунд багтам. Тэгвэл Ерөнхий сайдын асуудалд эцсийн мөч хүртэл намууд ач холбогдол өгч байсны илэрхийлэл тэдний ирц байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл энэ хуралдааны төгсгөлд танхимд ирж үгээ хэлэв.
 
Ингээд Ерөнхий сайд эцэст нь олон давуу тал, учир шалтгаанаар суудлаа хадгалж чадсан. Тэрхүү учир шалтгааны нэг нь МАХН-ын дарга байлаа. Оны өмнө Шадар сайдын суудалтай хүчтэйхэн нэр холбогдоод чимээгүй болсон Н.Энхбаяр мөн “Шударга ёс” эвслийг засагт авч үлдэхийн төлөө саналтай байсан нь Ч.Сайханбилэгийн гол хөзөр байлаа. Хоёр хүн нанчилдахад гурав дахь нь хэний талд орно, тэр нь ялагч болдог шиг л.
 
Н.Энхбаярын уужуу сэтгэл
 
Огцруулах тогтоолын төсөлд шаардлагатай гарын үсгийн тоо гүйцмэгц Солонгост эмчилгээндээ явсан гэгдэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд яаралтай гэгч нь ирсэн. Улмаар “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдэгдэл хийж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Г.Уянгын бичигт гарын үсэг зурж орхисон “өөрийн” хүмүүсээ намаас нь хөөнө гэж хүртэл намын даргын зүгээс айлгасан нь ч ил болсон.
 
Үүнийг О.Баасанхүү гишүүн хэвлэлд ярьсан, чуулганы нэгдсэн хуралдаанд Л.Цог гишүүн ч палхийтэл үнэнийг хэлж орхисон билээ. Тэрбээр “Манай Шударга ёс эвслийн байж байгаа царай энэ л дээ. Гарын үсгээ буцаа гэж дарамталсан. Хэрвээ биднийг гарын үсгээ буцаахгүй бол дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн” хэмээн намынхаа даргын Ч.Сайханбилэгийг унагахгүй гэсэн хичээл зүтгэлийг олны өмнө илчилсэн.
 
Оны өмнө МАХН-ын даргыг Шадар сайд болох нь гэсэн мэдээлэл хүчтэй цацагдаж монголчууд бултаараа энэ сэдвээр амьгалж байхад ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга “Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй, тийм болохоор төрийн албанд орох нь бүү хэл УИХ-ын сонгууль цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийг ч алгасахаас аргагүй” гэсэн ойлголтыг өгөхүйц лавлагааг гаргаж тавьсан байдаг.
 
Үүнийг олон нийт ЗГХЭГ-ийн хуульчийн дур мэдэн хийсэн тодорхойлолт гэхээс илүүтэй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын Н.Энхбаярыг Шадар сайд болгож чадахгүй нь гэсэн санааны илэрхийлэл гэж төвөггүй ойлгоцгоосон билээ. Тэгвэл ийм хариу авсан Н.Энхбаяр яагаад хүнд хэцүү цаг үед нь тулж түшиж явсан О.Баасанхүү, Л.Цог нараа намаас хөөнө хэмээн хатуурхан байж Ч.Сайханбилэгийг өмгөөлөх болов. Үүний ард улс төрийн тохироо байж болно.
 
Байж ч таараа. Н.Алтанхуягийн туулсан замналыг давтахгүй гэсэндээ Н.Энхбаярыг тулах цэг болгохоос өөр зам Ерөнхий сайдад үлдээгүй ч биз. Н.Энхбаярын хувьд ч сонгууль дөхөж байхад Засагт байх нь ашигтай гэж үзээд ийн уужуу сэтгэлээр Ч.Сайханбилэгт хандсан мэт. Харин одоо хэвлэлүүдэд бичээд байгаа шиг өнөөх л Шадар сайдын “залхмаар” суудлаар уу, эсхүл өөр зүйлээр тэд тохиролцсон уу, үгүй юу гэдэг асуудлыг түр орхиод дараагийн сэдэвтээ орьё.
 
АН-ын ялалт ба МАН өөрөө буланд шахуулсан нь
 
Ч.Сайханбилэг суудлаа хадгалж үлдэхэд ганцхан Н.Энхбаярын хүчин зүйл нөлөөлсөн гэвэл эндүүрэл. Мэдээж хэрэг дотроо хэчнээн тэмцэлтэй байлаа ч энэ асуудал дээр Ардчилсан намын гишүүд голын нэг эрэгт Сайханаатайгаа хамт зогсож чадсан. Яах аргагүй сонгуулийн өмнө засгаа унагаж “унах нүхээ” малтах гээгүй л бол Ерөнхий сайдаа авч үлдэхээс өөр сонголтгүй гэдгээ тэд мэдэрсэн биз.
 
Намынх нь эв нэгдэл дээр нэмэгдээд “Г.Уянга” операцийг хэрэгжүүлэхээр зүтгэсэн МАН-ынхан энэ удаад муу тоглов. Ерөнхий сайдыг огцруулах гол үндэслэл нь Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн санхжүүжилтийн гэрээ болж байгаа хэдий ч чуулганы хуралдаанд ёстой л дэвэн дэлхийн сэдвийг хамарсан мэтгэлцээн өрнүүлсэн. Тавантолгой, ирвэс хамгаалагч гээд л нийгмийн бүх асуудлыг цацаж орхисон МАН-ынхан хэлэлцэх асуудлынхаа голыг олж чадалгүй байсаар Ерөнхий сайдад байдал ашигтай эргэсэн. Тэгээд ч МАН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд байх үед байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ярьж байгаа бол энэ нь дан ганц АН-ынхныг буланд шахах шалтгаан болохгүйг бид харлаа. МАН ч гэсэн Оюутолгойн гэрээний бүрхэг, нуугдмал асуудлуудтай гайгүй сайн орооцолдож авсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хэлсэн үг харуулав.
 
Ер нь Д.Ганхуяг сөрөг хүчний гишүүдийн хорыг гайгүй сайн малтсан, зарим үедээ тун ноцтой баримтуудыг дэлгэж байсан нь Ордны хонгилд барилцаж авсан гэдэг мэдээлэл тарахад ч хүргэсэн байх. Хамгийн гол нь Ардчилсан намынхан нэгнээ “Шонхордоод” байхгүй л бол сөрөг хүчнийхэн энэ парламентад лав тэднийг дийлэхгүй нь тодорхой байна. Ерөнхийлөгч хүртэл хүч нэмснийг бид харсан. Яг ийм дүр зургийг улаан булангаас гарч ирсэн “МАН” гэдэг боксчин “Оюутолгой” гэдэг раунд дээр буланд шахуулчихаад байгаатай л жишиж болох мэт.
 
Тойргийн мандатыг хуучин хэвээр нь үлдээлээ
 
Ойрын үед улстөрчид болон олон нийтийн анхаарлыг багагүй татаж байсан асуудал бол УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоо байлаа. Хүн амын зөрүүгээс болоод орон нутгийн мандатаас хасаж нийслэлд мандатын тоог нэмэх уриалга Нийслэлийн АН-ын бүлгийн зүгээс гаргаад байсан юм.
 
Энэ асуудалд МАН-ын зүгээс идэвхтэй эсэргүүцэж байсан ба орон нутагт нэр дэвших магадлал бүхий АН-ын гишүүд болон бусад улстөрийн хүчнүүд ч эсрэг байр суурь илэрхийлж байв. Тэгвэл энэ асуудалд улстөрчид багагүй санал хуваагдсаны эцэст нэг тийш болголоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 2012 оны сонгуулийн мандатын тоог энэ удаагийн сонгуульд хэвээр хадгалахаар 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
 
Цэц тойрсон “тулаан” З.Энхболдын суудалтай холбогдон үргэлжлэв
 
Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын хооронд өрнөсөн хуулийн хүрээн дэх маргаан, энэ хоёр институцийн хэн нь дээрээ байх вэ гэсэн  сөргөлдөөн өнгөрсөн долоо хоногт оргилдоо хүрэв. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Үндсэн Хуулийн Цэцийн хуралдаанд 28 удаа оролцож, 24 удаа ялагдал хүлээсэн гэх Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийн санаачилж өргөн мэдүүлсэн Үндсэн Хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлаад байгаа.
 
Тэгвэл дээрх хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа “цэцийн гишүүн байх насны хязгаар давсан” болж, ерөөс энэ ажлыг өгөхөөс аргагүй болох юм. Хараахан дээрх хуулиуд хүчин  төгөлдөр үйлчилж эхлээгүй байгаа ч УИХ Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
 
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хувьд Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж, УИХ дэмжин Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн болгосон, улмаар Цэцийн есөн гишүүн хуралдаж, дотроосоо түүнийг даргаар сонгосон юм. Учир ийм тул УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Ж.Амарсанааг эгүүлэн татуулахх хүсэлт илгээж, хүсэлтийн хариуг ч шүүхээс өгсөн. Ингээд хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй ч Ж.Амарсанааг эгүүлэн татуулах асуудлыг яаравчлан хэлэлцүүлж, Хууль зүйн байнгын хорооны хурлаас түүнийг эгүүлэн татахыг дэмжсэн бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сөрөг хүчний зүгээс энэ асуудлаар тав хоногийн завсарлага авснаар түр хойшиллоо.
 
Ер нь эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлыг зүтгүүлж байгаа нв Цэцийг номхотгохоос гадна өөр шалтгаантай. Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл өргөн баригдахад Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирцийг хүчээр бүрдүүлж өөрсдийн талд шийдвэр гаргуулахын тулд УИХ-ын дарга З.Энхболд гадаадад томилолтоор явсан Х.Батцэрэг гишүүний оронд хууль зөрчиж Г.Батхүүг томилуулсан хэмээн МАН-ын зүгээс үзэж байгаа.
 
УИХ-ын даргын энэ үйлдэл Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд гомдол очоод байгаа юм. УИХ-ын дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц их суудлаараа хэлэлцэх хуультайг Цэцийн дарга Ж.Амарсанаа хэлсэн. Хэрэв Цэц УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзвэл З.Энхболд жирийн гишүүн болж хувирах юм. Ийм практик өмнө нь ч гарч байсан бөгөөд Ж.Бямбадорж Үндсэн Хуулийн Цэцийн дарга байх үед УИХ-ын дарга Ц.Нямдоржийг хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргаж, түүнийг даргын суудлаас нь буулгаж байсан юм.
 
Тиймээс УИХ-ын дарга суудлаасаа буух уу, Цэцийн дарга Ж.Амарсанаа эгүүлэн татагдах уу гэсэн асуудлуудаар Цэцийг тойрсон сөргөлдөөн үргэлжилж байна гэж харж болохоор нөхцөл байдал үүсээд байна. МАН-ын зүгээс авсан тав хоногийн завсарлага энэ долоо хоногт дуусах юм.
 
О.Наранхүү
Эх сурвалж: "Өглөөний сонин"