sonin.mn
“О.Болдбаатар бол уян зөөлөн, хайр татам, түшигтэй нуруутай, ухаалаг, хүн чанар сайтай хүн дээ” гэж түүнийг анд найз, ах дүүс, хамтран уран бүтээл хийж ирсэн нөхөд нь үнэлдэг.
 
Мэргэжил нь эдийн засагч хэр нь Монголын цагдаагийн байгууллагад насаараа ажилласан, кино урлагийн чадварлаг жүжигчин, эстрад урлагийн болон нийтийн дууны томоохон төлөөлөл гээд түүний нэрний урд олон цол гуншин хөвөрнө.
 
Гэхдээ дуучин О.Болдбаатарыг эхнэр Н.Пүрэвээ агсангүйгээр төсөөлшгүй. Учир нь тэд 1970-аад оноос эхлэн Монголын эстрад урлагт од болон гялалзаж “Манай гаригийн залуус”, “Янзага”, “Хайрын дуугаа хослон дуульяа”, “Чи миний цэцэг” гэх мэт олон сайхан уран бүтээлээ хослон дуулж залуусыг байлдан дагуулж байсан юм. Тиймээс бид амьдралын арвин баялаг түүхтэй дуучин, жүжигчин, О.Болдбаатарыг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
 
 
Гэр бүлийн “Бид” хамтлаг
 
 
ААВЫНХАА МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨСӨН МОНГОЛ ЦАГДАА
 
 
Аав, ахтайгаа өссөн О.Болдбаатар хүүгийн бага нас тийм ч баяр жаргалтай байсангүй. Учир нь тэрээр таван настайдаа ээжийгээ зуурдаар алдсан харамсалтай явдал болжээ.
 
Аав нь намын илгээлтээр Архангай аймгийн Ихтамир суманд нэгдлийн даргаар ажиллаж байсан үе. Улсын баяр наадмаар аав нь хот явж, хүү том гэдэстэй ээжтэйгээ гэртээ үлджээ. “Ээж минь намайг дагуулаад хурдан морины уралдаан үзэхээр явсан юм. Намайг ачааны машинд суулгаад өөрөө суух гэж байхдаа хий гишгэж унаад машины доогуур орчихсон. Тэгээд л газар дээрээ нас барсан даа.
 
Хэдий би таван настай байсан ч тэр аймшигтай явдлыг маш тод санадаг. Ах маань аймгийн төвд байснаа мотоциклтой давхиж ирээд “Ээж хаана байна” гэж орилоод л бидэнд үнэхээр хүнд цохилт болсон” хэмээн амьдралынхаа хамгийн хүнд дурсамжаа хуваалцсан юм.
 
Түүнээс хойш хоёр хүүтэйгээ үлдсэн аав нь Улаанбаатар хотод нүүж ирээд амьдралаа төвхнүүлэх гэж нэлээд зүдэрсэн байна. Бяцхан хүүгийн хувьд ээжгүй өснө гэдэг амар байсангүй. Аавынх нь ажил хаашаа хуваарилагдана, тийшээ гэр нь нүүнэ. О.Болдбаатар аравдугаар ангиа төгсөхдөө найман сургууль дамжиж сурсан байв. Гэвч амьдралын хатууд шантарсангүй. Хүү хичээл сурлагадаа мэрийн МУИС-д эдийн засагч мэргэжлээр элсч чаджээ.
 
1977 онд сургуулиа төгсөөд Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны туршлага шинжилгээний институтад эрдэм шинжилгээний ажилтнаар оржээ. Түүний аав Очир Монголын цагдаагийн байгууллагын хамгийн анхны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, хурандаа цолтой хүн байсан юм. Тиймээс аавынхаа зам мөрөөр Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргаснаар 1980 онд одоогийн “Баянгол” дүүрэг буюу хуучнаар Октябрийн районы Цагдан сэргийлэхэд өмчийн төлөөлөгчөөр хуваарилагджээ. Ийнхүү түүний ажил амьдрал Монголын цагдаагийн байгууллагатай салшгүй холбогдсон юм.
 
“БУРХНЫ ОРОНД МИНИЙ ХАНИЙН УЯНГАЛАГ ХООЛОЙ ХЭРЭГ БОЛСОН БАЙХ”
 
 
Эхнэр Н.Пүрэв, охин Ариунаа, Халиун нартайгаа.
 
Цагдаагийн байгууллагад ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй хүн уран бүтээлч болсон нь санамсаргүй тохиолдол байсангүй. Түүний уран бүтээлийн замнал оюутан байхаас нь буюу МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны урлагийн тайзнаас эхэлсэн түүхтэй. Энэ сургууль, энэ танхим, энэ л тайзан дээр О.Болдбаатар урлагийн авьяас нээж, амьдралын ханиа олж, аз жаргалаа атгасан хэрэг.
 
“Амьдрал минь, дуу хуур минь энэ тайзнаас эхэлсэн. Тухайн үеийн МУИС-ийн урлагийн авьяастай оюутнууд энэ л танхимд цуглаж, энэ л тайзан дээр бужигнадаг  байлаа. Манай сургуулийн оюутнуудын тоглолт бусад их, дээд сургуулиуд дундаа “толгой цохидог” байлаа шүү дээ. Ханьтайгаа тайзан дээр анх биенээ харж танилцсан юм. Оюутан болсон анхны жил Дарханаас ирсэн гэх цацаг чимэг  болсон хувцастай нэг гоё охин манай сургуульд нэрд гарч байв. Түүний дуулсан дуу бүрийг оюутнууд аялж, нэг дуу дуулахад долоон удаа дахиулдаг байсан гэхээр ямархуу авьяастай нь харагдах байх” хэмээн эхнэрийнхээ тухай дурссан юм.
 
Тэд 1973 онд танилцаж, хамтран дуулж эхлэсэн бол 1974 онд гэр бүл болж, хоёр хөөрхөн охины аав, ээж болон 40 жил хамтдаа амьдарчээ. О.Болдбаатарын эхнэр Н.Пүрэвээг дуунд дуртай монголчууд андахгүй ч бас өөр мэргэжлийн хүн байсныг тэр бүр мэдэхгүй байх.
 
Н.Пүрэвээ МУИС-ийг хуулийн мэргэжлээр төгссөн. Насаараа хуулийн байгууллагад, тэр дундаа шүүхийн байгууллагад ажиллаж ирсэн Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ туурвиж олон сайхан дууг нөхөртэйгөө хамтран амилуулж явсан түүний энгэрт Соёлын салбарын тэргүүний шагнал ч давхар гялтагнадаг байв. Харамсалтай гурван жилийн өмнө өвчний улмаас дуучин бүсгүй 40 жил ханилсан ханиа, сайхан охидоо, уран бүтээлээ үлдээгээд хорвоогоос оджээ.
 
“Бурхны жаргалтай сайхан цэцэрлэгт хүрээлэнд миний ханийн уянгалаг хоолой хэрэг болсон байх. Тэгээд л ийм эрт биднээс аваад явчихлаа гэж би боддог юм. Гэхдээ харамсах зүйл үгүй. Бид хоёр хоёулаа төрд тэр дундаа хүчний байгууллагад ажиллаж байсан ч урлагаар амьдарч, амьсгалж ирсэн ховорхон хос заяа байлаа” хэмээв. Гэхдээ түүнийг эхнэрээ өвдсөн цагаас өөд болтол нь хэрхэн хайрлан, халамжилж 10 гаруй жил тогтоосныг эргэн тойрныхон нь бүгд мэддэг юм билээ. Элэг нь өвдсөн хүнийг сэтгэл санаагаар унагахгүй, аз жаргал, инээд хөөртэй байлгах чухал. Тиймээс эхнэрээ өвчтэй байхад гэр бүлийн “Бид” хамтлагаа байгуулсан гэдэг. Түүний эхнэр Н.Пүрэв дуугаа дуулсаар, тайзан дээрээ амьдарсаар энэ амьдралаа дуусгасан азтай нэгэн. Одоо харин О.Болдбаатар хоёр охинтойгоо уран бүтээлээ үргэлжлүүлж явна. 
 
 
1996 ОНД “МАНАЙ ГАРИГИЙН ЗАЛУУС” АНХНЫ ТАЙЛАН ТОГЛОЛТОО ХИЙВ
 
О.Болдбаатар гэр бүлийн “Бид” хамтлагийн уран бүтээлээ охидтойгоо хамтран үргэлжлүүлж байна.
 
1977 онд Эстрадын дуулаачдын улсын анхны уралдаан зарлахад түүний авьяаслаг эхнэр Пүрэвээ оролцож хоёрдугаар байр эзэлсэн нь урлагт үнэлүүлсэн анхны шагнал нь байв. Түүнээс хойш тэр хоёр Улсын Филармон, Баянмонгол чуулгад дуулж уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа. Үүний дотор “Манай гаригийн залуус”, “Янзага” , “Хайрын дуугаа хослон дуульяа”, “Чи миний цэцэг” гэх мэт олон сайхан дууг эхнэртэйгээ хамтран дуулж олны хүртээл болгосон юм. Мөн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан “Буцах хаяг”, “Гарваа” жүжгийн дуу, МҮОНТ-ийн бүтээл “Нэр төр”, “Сэтгэлийн нүд” жүжгийн дуу, өөрөө гол дүрд нь тоглосон “Хуучин сүмийн нууц” киноны “Шөнийн эргүүл” дууг дуулсан нь мөн л тухайн үедээ хит болж байв.
 
Өвөрмөц хоолойтой хослон дуулдаг гэр бүлийн хоёр дуучны дуулсан дуу бүхэн хүмүүсийн сэтгэлд хүрч байсан нь уран бүтээл хийх урам зориг өгч байсан биз. Тэд өөрсдийн уран бүтээлээ нэгтгэн 1996 онд “Манай гаригийн залуус” анхны тайлан тоглолтоо хийсэн юм. Түүнээс хойш эх орноо тойрон олон тоглолт хийж иржээ.
 
 
26 НАСТАЙДАА “ХУУЧИН СҮМИЙН НУУЦ” КИНОНЫ ГОЛ ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
 
Харин түүний кино урлагт хөл тавьсан нь оюутан байхаас эхтэй. Эдийн засагч болохоор сурч байгаа чамгүй хөөрхөн дуулдаг оюутан залууд С.Эрдэнийн зохиол “Өвлийн ойд” киноны гол дүр Очирхүүг бүтээх аз завшаан тохиожээ. Энэ кинонд тоглосноор өөрийгөө ямархуу муугүй жүжигчин болохоо харуулж чадсан учраас 1979 онд Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн бүтээл “Тойрох хуудас” киноны сурвалжлагч Сүрэнхүүгийн дүрд сонгогдоход нь тусласан гэдэг. Түүнийг энэ дүрд гавьяат жүжигчин Н.Батцэцэг санал болгож байжээ. Энэ удаад өөрийгөө мэдэрч дүрдээ орж сайн тоглож чадсан учраас хамтран тоглосон уран бүтээлчдээсээ муугүй үнэлгээ авсан байна.
 
1982 онд Цагдаагийн байгууллагын албан хаагч болсон дэслэгч О.Болдбаатар “Хуучин сүмийн нууц” киноны гол дүрийг бүтээсэн юм. 26 настай ид хийж бүтээх эрч хүч оргилсон залуухан дэслэгчийг нэг өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга,  хошууч генерал А.Думбарай гуай дууджээ. Ямар буруу зөрүү зүйл хийсэн юм бол хэмээн айж түгшин байж өрөөнд нь орж дээ. “Дэслэгч О.Болдбаатар таны тушаалаар ирлээ гээд л ёсоллоо. Гэтэл генералын харц зөөлөн, дуу аядуу байна.
 
Намайг суулгаад Цагдаагийн байгууллагын ойд зориулан “Хуучин сүмийн нууц” нэртэй уран сайхны кино хийхээр боллоо. Би зөвлөхөөр нь ажиллана. Ж.Сэлэнгэсүрэн найруулагчтай уулз. Чи цагдаагийн албан хаагч хүн. Ажлаа хийж байна гэж бодоод кинондоо тоглоорой гэж захисан. Загнуулж зэмлүүлэх нь гэж айсан хүн кинонд тоглох болсондоо бөөн баяр гарч билээ” хэмээн тэр цаг мөчөө дурсав. Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн “Тойрох хуудас” кинонд өмнө нь тоглож байсан болохоор түүнийг ямар ч шалгуургүй гол дүрд сонгосон байна. Ийнхүү 8-9 сарын туршид Өвөрхангай аймгийн Бүрд суманд кино зураг авалт олж түүний хэсгийн төлөөлөгчийн дүр дэлгэцэнд мөнхрөн үлдсэн түүхтэй.
 
 
 
О.Болдбаатар: “ЭХИЙН ТУХАЙ ДУУ” МОНГОЛ ЭЭЖҮҮДИЙН ДУУН СУВАРГА БОЛНО
 
-Та урлагийн хүн биш хэрнээ нэлээд хэдэн киноны гол дүрд тоглосон байх юм. Яагаад жүжигчин мэргэжлээр сурч кино урлагт урвасангүй вэ?
 
-Урлаг гэдэг сэтгэлийн сайхан таашаал өгдөг, хүмүүжлийн чухал хэрэгсэл юм. Урлагт дуртай хүн хэзээ ч муу зүйл хийдэггүй. Би оюутан байхаасаа дуулж эхлээд хүмүүсийн нүдэнд өрстөн юм шиг байгаа юм. Тэгээд л азаар хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Монголын кино урлагийн гайхалтай сайхан уран бүтээлчидтэй нэг баг болж ажиллан, тэднээс олон зүйлийг сурсан даа. Гэхдээ би аавынхаа мэргэжлийг өвлөн цагдаагийн ажилтан болохыг илүүд үзсэн юм.
 
Сонирхуулахад, “Хуучин сүмийн нууц” кинонд хүүхэд тоглох шаардлага гарч би охиноо шалгуултал тэнцсэнээр аав охин хоёрын дүр дэлгэцэнд үлдсэн дээ. Мөн киноныхоо “Шөнийн эргүүл” дуугаа дуулсан түүхтэй. Энэ дуу маань тухайн үедээ “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр байнга явдаг байлаа.
 
-Та сүүлийн үеийн хэд хэдэн кинонд бас дүр бүтээгээд амжсан байх шүү?
 
-Соёлын тэргүүний ажилтан А.Батцэцэгийн найруулсан “Зүрхэнд шингэсэн нулимс” кинонд гол дүр болох аавын дүрд Б.Ариунаа, Б.Халиун хоёр охинтойгоо хамт тоглосон. Хөгжмийн зохиолч Б.Долгионы зохиосон киноны дууг манай охид дуулсан. Мөн С.Жаргалсайханы зохиол “Хубилай хааны зарлиг” кинонд Улсын их хурлын гишүүний дүрд, “Цагдаагийн тангараг” кинонд цагдан сэргийлэхийн дарга, генералийн дүрд тоглосон.
 
Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг өнгөрсөн жил улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн. Монгол киноны дуунуудын “Гала” тоглолтод би “Хуучин сүмийн нууц” киноныхоо “Шөнийн эргүүл” дуугаа дууллаа. Үзэгчид маш сайхан хүлээж авсан.
 
-Та эхнэр, хоёр охинтойгоо хамтран “Бид” хамтлагийг байгуулаад нэлээд олон тоглолт хийсэн байх аа?
 
-10 гаран жилийн өмнө манай гэр бүл “Бид” хамтлагаа байгуулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтраад архинаас болж алдаж оносон, залуучуудад сэтгэлийн дэм өгөхөөр 10 хорих ангид очиж тоглолт хийж байлаа. Мөн “Соёлын төв өргөө”, “Бөхийн өргөө”-нд бие даасан тайлан тоглолтоо хийж  үзэгчдийн талархлыг хүлээж байсан.
 
1980-аад оны үед Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа нийгэмд байгаа сөрөг үзэгдлийг шүүмжилсэн “Хошин шогчдын клуб”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй нээгээд 18 аймаг, бүх хотын 300-аад мянган хүнд урлаг соёлоор үйлчилсэн байдаг. Тэр үед одоогийнх шиг хошин урлагийн хамтлагууд байсангүй. Тэгэхээр Цагдаагийн байгууллагаас хошин урлагийн үзүүлбэр, тоглолтууд эхлэлтэй гэж хэлэхэд болно.
 
-Та одоо тэтгэвэртээ суугаад уран бүтээлдээ илүү анхаарч байна уу. Шинэ уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс задлаач?
 
-Хэдийгээр гэр бүлийн “Бид” хамтлаг маань гурван гишүүнтэй болсон ч цаашдаа уран бүтээлээ хийсээр байх болно. Бас би ганцаарчилсан уран бүтээл хийх санаатай. Өнгөрсөн жил Ч.Сангидорж гуайн аялгуу “Хатан тунамал туул” дуундаа клип хийлгэж Улсын ардын дуу бүжгийн чуулгын цөөхүүл хөгжимчдөөр аялгууг нь тоглуулсан. Энэ дууг нэгдүгээр курст байхдаа дуулж сургуулийнхаа “Аварга дуучин” болж байлаа. Дууныхаа өмнө дөрвөн мөрт зохиож гавьяат жүжигчин Д.Чулуунбат гуайгаар уншуулсан.
 
 
 
“Хүй орчлон дундуур
 
Хүрхрэн урсдаг Хатантуул минь
 
Хүний жаргал зовлонтой хамт
 
Уйлан уяран урсдаг Хатантуул минь
 
Хүн малаа хэдийнээс
 
Ундаалж умбуулж ирсэн Хатан эжий минь
 
Хүний сэтгэлийн сайхныг л харин
 
Хүсэн урсах Хатан тунамал туул минь ээ”
 
 
 
-Таныг ээждээ зориулан дуун суварга босгож буй гэж сонссон?
 
-Би ээждээ зориулж нэг сайхан уран бүтээл хийх юмсан гэж бодож явдаг юм. Тэгээд Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягийн аялгуу, Б.Явуухулангийн шүлэг “Эхийн тухай дуу”-г хэдхэн хоногийн өмнө Улсын филармоны симфони найрал хөгжимтэй, Д.Нямдаш удирдаач удирдсанаар шинээр дуулж бичүүллээ. Удахгүй дүрсжүүлээд Сар шинийн баяраар юм уу, Мартын 8-нд гаргах бодолтой байна. Энэ дуу бол монгол ээжүүдийг магтан дуулсан дуун суварга болно. Цаашдаа олон уран бүтээл хийх оргилуун хүсэл байна. 
 
Энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Хэдийгээр 40 жил ханилсан ханиа алдаж зүрхээ эмтэлсэн ч урлагт хайртай чин сэтгэл нь түүнийг цаашид уран бүтээл хийх эрмэлзэлтэй болгосон байх. Ээжийнхээ үргэлжлэл болсон авьяаслаг сайхан охидтойгоо “Бид” хамтлагтаа дуулж, цаашдын амьдралаа урам зориг дүүрэн үргэлжлүүлээрэй гэж хүсэн ерөөе танд, О.Болдбаатар ахаа...
 
 
Х.Монголхатан, Б.Буянхишиг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин