sonin.mn
Нээснээс нь хойш авто худалдаа эрхлэгчдийг бухимдуулаад буй Авто худалдааны цогцол- борын талаарх хэл ам одоо хэр нь тасарсангүй. Хүйтний эрч чангарсан дүн хүйтнээр өнгөрсөн оны есдүгээр сард нээсэн энэ цогцолборт үйл ажиллагаа эрхлэгчид нэлээд зутруухан байгаа сурагтай.
 
Арга ч үгүй юм. Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт -30 хэм хүрч байхад хотын баруун тал, Сонгинын бүсэд хүйтний эрч эрс чангарч, зарим өдөр -45 хэм хүрснийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн. Хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлийн автомашины захуудыг шинээр барьсан цогцолбор руу нүүлгэхээр болсноос хойш хэдэн сар өнгөрлөө.
 
Гэтэл авто худалдаа эрхлэгчид одоог хүртэл тийшээ нүүхгүй гэх байр сууриа хадгалсан хэвээр байгаа юм. Ингээд авто худалдаа эрхлэгчидтэй уулзаж учрыг тодруулахаар “Да хүрээ” захыг зорилоо. Одоогийн байдлаар тус захын үйл ажиллагаа хэвийн явж байна. Учир нь, автомашин сонирхсон бас сэлбэг авах иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эндхийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, ярилцахад байдал өөр байв.
 
Түрээслэгчид сүүлийн үед янз бүрийн асуудлаас үүдэн дарамт их ирэх болсон тухай ярьсан юм. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хямарч байна гэх шалтгаанаар борлуулалт буурч, банкны зээл олдохгүйгээс үүдээ барьж, бизнесээ зогсооход хүрэх тохиолдол цөөнгүй гарчээ. Тэдэнтэй уулзаж Авто худалдааны цогцолборын талаар асуухад “Тэнд хатуу хучилттай 100 гаруй га задгай талбайг хэдхэн тооны зөөврийн сууцаар “гоёж”, бүтээн байгуулалт гэх юм юу ч хийгээгүй” гэв.
 
Түүнчлэн хамгийн гол нь ажиллах ямар ч орчин нөхцөл бүрдүүлээгүйгээс гадна 4-5 сая төгрөгийн чингэлгийг 30 саяар авахыг шахаж шаардаж буй талаар ярьж бухимдацгаалаа. Энэ захаас автомашин авахаар сонирхож буй Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Батсүх “Сар шинээс өмнө автомашин авдаг юм билүү гээд сонирхож явна. Энд худалдаа эрхэлж, худалдан авч байгаа нь ч ялгаагүй өртэй хүмүүс байна. Сар шинээр хамаатан саднаараа зочлоход автобус дамжаад хоёр хүүхдээ аваад явахад хэцүү байдаг.
 
Тиймээс энэ жил банкнаас зээл авч автомашинтай болохоор энд ирээд байна. Авто худалдааны төвүүдийг нүүлгэх талаар сүүлийн үед их ярьж байгаа. Жирийн худалдан авагчийн хувьд хэлэхэд ингэж түрэмгийлэх нь буруу юм. Би саяхан Дархан руу яваад ирсэн. Зам дагуу байгаа Авто цогцолборыг харсан. Тэнд зүгээр л нэг цементэлсэн том талбайгаас өөр юу байгаа юм бэ. Төр засгийн удирдлагуудын хэлж яриад байсан шиг зүйл надад лав харагдаагүй” гэв. Ингээд “Да хүрээ” захын авто худалдаа эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
 
М.МӨНХЦОЛМОН: ТЭНД АЖИЛЛАХ БОЛОМЖ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭЭГҮЙ
 
        -Тэр авто цогцолборт нь амьд хүн ажиллах боломж нөхцөл бүрдүүлээгүй юм билээ. Тиймээс яг одоо эндээс нүүнэ гэдэг ямар ч утгагүй. Манай төдийгүй бусад захаас тийш нь нүүх хүсэлтэй ганц ч хүн байхгүй. Би XIII хороололд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. “Да хүрээ” захад 10 гаруй жил наймаа хийсний эцэст амьдрал ахуй маань овоо гайгүй боллоо. Гэтэл бидний аж амьдралаа залгуулдаг энэ газрыг нүүлгэнэ гэдэг их хүндрэлтэй тусч байна.
 
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өнөө жил иргэдийн худалдан авах чадвар 60 хувь буурсан. Ийм хүнд үед Авто худалдааны цогцолбор руу нүүгээд очвол бүр ч орлогогүй, өрөндөө баригдана. Нүүлээ гэж бодоход бүтэн өдрийн талыг тийшээ явахад зарцуулна. Тэгэхээр өдрийн хэдэн цагт нь ажиллаж, амьдрал ахуйгаа хэрхэн зохицуулах вэ. Мөн зуны улиралд цэвэрлэх байгууламжийн өмхий самхай үнэртээд байхын аргагүй хэцүү газар юм билээ. Тэгээд ч тийм хүйтэн орчинд машин зарах ямар ч боломж байхгүй. Хүмүүс ч машин үзэх гэж ирэхгүй хол газар шүү дээ.
 
Б.ДОРЖ: АВТОМАШИНЫ ҮНЭ БУУРСАН Ч ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ МУУ БАЙНА
 
         -Цогцолборыг анх байгуулахдаа тэнд үйл ажиллагаа явуулж, ажиллах иргэдийнхээ санал бодлыг сонсоогүй. Өөрсдийн дураар эзгүй талд хэдэн чингэлэг аваачаад хаячихсан байгаа юм. Эхлээд бидэнтэй уулзаад бүх зүйлийг тодорхой хэлэх ёстой байсан. Гэтэл ямар ч бүтээн байгуулалт, тохижилт хийгээгүй задгай талбай руу нүү гэж шахаж шаардан бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Би таван жил гаруй авто худалдаа эрхэллээ.
 
Өрөөс өрний хооронд л амьдарч явна. Банкинд төлөх өчнөөн сая төгрөгийн зээлээ арай ядан төлж ядаж байхад дээрээс нь 3.18 ам метр зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр түрээслэхийг шаардаж байна. Жишээлбэл, би нэг зогсоол түрээслэхгүй шүү дээ. Дор хаяж таван зогсоолыг 20 саяар түрээслэх болно. Гэтэл энэ жил автомашины үнэ буурсан хэрнээ иргэдийн худалдан авалт муу байна. Яаж 20 саяар зогсоол түрээслэх вэ дээ. Өдөр нь түрээсэлсэн талбайдаа автомашинаа тавьчихаад орой нь хаашаа хийх вэ. Хэрхэн хамгаалах вэ. Нэг өдөр хулгайч ирээд тоноод явчихвал бид яах юм. Хажуугаар нь явж байгаа хэн болов ч хараад гайхаж байгаа байх.
 
10 хүрэхгүй автомашин тавьчихсан. Цасанд хучигдсан тэр газарт хэн очих юм бэ. Шууд нүүгээд очлоо гэхэд хотын удирдлагуудын танил- цуулаад, сурталчлаад байгаа шиг тийм сайхан, таатай орчин тэнд бүрдээгүй. Хүний урамд явган салхинаас хамгаалах саравч ч үгүй байхад яагаад тийш нь нүүлгэх гээд байгаа юм бэ. Ядаж яриад байгаа байгууламжаа босгочих. Түүний дараа нүүх талаар ярьж болно.
 
        Б.АНХБАЯР: САЛХИ СИЙГСЭН, МӨС, ЦАСАНДАА ДАРАГДСАН ЗЭЛҮҮД ГАЗАРТ ХЭН ОЧИХ ЮМ БЭ
 
  -Авто худалдааны цогцолбортой болох нь буруу зүйл биш. Гэхдээ тэнд бодит байдал одоо ямар байгаа билээ. Хүн очоод худалдаа наймаа хийх орчин нөхцөлийг бүрдүүлсэн үү. Юу ч үгүй хоосон тал газарт очоод бид яах юм бэ. Бүх зүйл нь бүрдээд, хэн ч харахад орчин нөхцөл нь бүрдсэн сайхан газар бол очиход дургүйцээд байх юм алга. Эхлээд тэр зэлүүд газраа сайн тохижуулах хэрэгтэй. Салхи сийгсэн, мөс, цасандаа дарагдсан зэлүүд газарт яаж очих юм бэ. Зун нь цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртээд байж суухын аргагүй болдог газар шүү дээ. Энэ жилийн хувьд иргэдийн худалдан авалт эрс буурсан. Автомашины үнэ хямдарсан. Өнгөрсөн жил цаанаа үнэтэй байсан автомашин энэ жилийн хувьд тодорхой хэмжээгээр хямдарсан ч худалдан авалт бага байна.
 
Тэнд ямар хүмүүс очсоныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэндээс нэг ч автомашин зарагдаагүй гэдгийг сонссон. Мөн ажлын өдрүүдэд Саппорогоос Таваншар явах зам маш их түгжрэлтэй байдаг. Үүнийг хэн хүнгүй мэдэж байгаа.Импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх болсноор харин ч энэ чиглэлийн замын хөдөлгөөн нэмэгдсэн гэхэд болно. Түгжрэл улам л ихэсч байна. Үүнийг замын цагдаа нар ч мэдэж байгаа.
 
        Ийнхүү иргэд Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй байгаагаа олон шалтгаанаар тайлбарлаж байлаа. Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа явуулдаг “Да хүрээ”, “Өгөөмөр”, Техник импортын зах, “Дизель хүрээ”, “Цахлай”, “Дако”, “Буян хурах”, “Сутайн буянт” гэсэн есөн зах байна.
 
Найман мянга орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6-10 мянган хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог. Замын энэ их ачааллыг бууруулах, захуудыг нэгтгэх, нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор Авто худалдааны цогцолборыг байгуулсан. Анх дээрх цогцолборыг сэл- бэг, хэрэгслийн 285 павильон, 11 мянга 324 суудлын болон жийп, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байхаар төлөвлөсөн.
 
Түүнчлэн авто эскпо явуулах цогцолборын нэг, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 автомашинтай үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га-д цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд автомашины туршилтын талбай байхаар төлөвлөсөн билээ. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр тус цогцолборт автомашин худалдаалагчид очоогүй байгаа бөгөөд иргэд тэндээс автомашин худалдан авахаар бус зөвхөн улсын дугаар авахаар л очдог юм байна.
 
“Муухай дээр улцан” гэгчээр хэд хоногийн өмнөөс Авто худалдааны цогцолборын дарга Г.Байдрагийг АТГ шалгаж эхэлсэн нь хүмүүсийн эргэлзээг бүр ихээр төрүүлж байгаа юм. Тодруулбал, цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг явуулахдаа барилга угсралтын ажлыг дүрэм журмын дагуу явуулсан эсэхийг шалгуулахаар МХЕГ-т АТГ-аас хүсэлт хүргүүлсэн аж. Мөн цогцолборын дарга Г.Байдрагийг албан тушаалаа урвуулан орон нутгийн өмчийг завшсан. 4-5 сая төгрөгийн чингэлгийг 30 сая төгрөгөөр иргэдэд шахсан талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Ийнхүү дарга нь шалгагдаж буй, ажил үйлчилгээ нь зуун задгай Авто худалдааны цогцолбор хэзээ зураг төсөл шигээ болж, жигдрэхийг одоо төсөөлөхөд бэрх байна.
 
Ц.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин