sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын “A321” онгоцонд үйлдсэн халдлагыг Туркийн үндсэрхэг үзэлтнүүдийн “Саарал чононууд” байгууллага зохион байгуулсан байж болзошгүй гэж "Коммерсант" сонинд Оросын тусгай албаны эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Оросын Коммунист намаас Улсын Думд сонгогдсон депутатууд болох Юалерий Рашкин, Сергей Обухов нар Туркийн “Саарал чононууд” байгууллагыг террорист байгууллагуудын тоонд оруулж,  үйл ажиллагааг нь Оросын нутаг дэвсгэрт хориглох саналыг Ерөнхий прокурор Юрий Чайкад 12 дугаар сард тавьжээ. Сүүлийн үед “Саарал чононууд”-ын үйл ажиллагаа идэвхжиж, Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байгааг депутатууд онцлон тэмдэглэсэн байна. Тэдний хэлснээр, энэ байгууллагын төлөөлөгчид Крымын хойгт цахилгаан эрчим хүч дамжуулдаг хоёр шугамыг гэмтээхэд оролцжээ.

Ийм хүсэлтийг мөн Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн хорооны дарга Андрей Клишас тавьсан байна.

“Оросын нисэх онгоцонд болсон дэлбэрэлтийн ард “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой Туркийн хэт давруу үндсэрхэг үзэлтнүүдийн “Саарал чононууд” байгууллага байж болзошгүй гэж Оросын Аюулгүй байдлын албаныхан үзэж байна” гэж "Коммерсант" сонинд бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, Туркт 1960-аад оны сүүлээр байгуулагдсан “Саарал чононууд” бүлэглэл Чеченьд байлдааны ажиллагаанд оролцож, тус Бүгд Найрамдах Улсын босогчдод зэвсэг нийлүүлэх ажлыг зохион байгуулсан бол толгойлогчдынх нь нэг болох 32 настай Алпарслан Челик өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд Сирийн нутаг дэвсгэрт Туркийн сөнөөгч онгоцноос харвасан пуужинд оногдож сүйрсэн Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцны нисгэгчдийн нэгийг катапультаар шидэгдэж амжсаных нь дараа буудан хөнөөсний хариуцлагыг хүлээжээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-нд Шарм-эш-Шейхээс Санкт-Петербургийн чиглэлд нисч явсан агаарын тээврийн "Когалымавиа" компанийн “Airbus A321” онгоц Синайн хойгт сүйрч, Орос болон Зөвлөлтийн түүхэнд онгоцны томоохон осол болсон билээ. Уг онгоцонд багийн долоон гишүүнээс гадна 217 хүн зорчиж явсны дийлэнх нь оросууд байжээ. Халдлагын улмаас онгоц осолдсон гэж Оросын Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг