sonin.mn

КИЕВ. /TASS/. Ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний бүлгийн 1.5 тэрбум долларын хөрөнгийг Украины Зэвсэгт хүчнийг санхүүжүүлэхэд ашиглана гэж тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэв.

“Украины иргэдээс хулгайлсан мөнгийг төсөвт буцаан оруулахын төлөө хууль сахиулах болон шүүх байгууллагууд чадах бүхнээ хийнэ гэдэгт найдаж байна. Украины армийг шинэчилж, нийгмийн стандартыг сайжруулахад уг мөнгийг зарцуулна. Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн дэглэмийн 1.5 тэрбум долларын хөрөнгийг одоогийн байдлаар улсын өмч болгон хураагаагүй байгаа бөгөөд уг асуудлыг шүүхээр ч авч хэлэлцээгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

2014 онд Янукович, түүний гэр бүл болон шадар туслахуудын эзэмшлийн 1.5 тэрбум долларын хөрөнгийг Украины санхүүгийн хяналтын байгууллагууд хураах үүрэг авсан. Гэвч холбогдох шүүхийн шийдвэр гараагүйн улмаас уг хөрөнгийг хараахан хураагаагүй байна. Шүүхийн шийдвэр гараагүй цагт гэмт хэргийн шинжтэй олсон хөрөнгийг буцаах боломжгүй гэж Украины Ерөнхий прокурорын орлогч Витали Каско мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг