sonin.mn
Өнгөрсөн долоо хоногт Г.Уянга гишүүний санаачлан өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч түүнийг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан билээ.  Энэ талаар УИХ-ын  гишүүн Г.Уянгаас тодрууллаа.
 
Г.Уянга: 
 
-Өнгөрсөн долоо хоногт нилээд удаан хугацаанд цуглуулсан гарын үсэг бүрдээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энд Засгийн газар унаагүй учраас бид ялагдсан юм шиг хүлээж авах хэрэггүй. Энэ бол тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж бодож байгаа.
 
Нэгдүгээрт, Оюутолгойн эдийн засагт үзүүлэх үр нөлөө, яагаад бид Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсныг ард иргэд ойлгосон байх гэж бодож байна.
 
Гэхдээ УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг нилээд өндөр хувьтай хэлэлцэж Дубайн гэрээний асуудлыг ингэж чухлаар ярьсан нь тодорхой хэмжээний үр дүн авчирна гэж бодож байна.
 
Дубайн гэрээгээр авсан 6.8 тэрбум долларыг манай хойч үе маань төлнө. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газар огцрох ч багадна. Харин ч дараа дараагийн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн долоо хоногт огцрохооё бултаж амжсан ч гэсэн  Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүхэн хариуцлагаас мултарч чадахгүй гэж хэлмээр байна.
 
Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тэр чуулган бол эрх баригчдад хатуу сануулга өгсөн. Яг үнэндээ, УИХ-ын олонхи нь Загсийн газрыг сайн ажиллаж байгаа гэж авч үлдээгүй. Эрх  баригч Ардчилсан нам гишүүдийг бүгдийг нь тойргоор нь барьцаалж эерэг санал өгүүлсэн. Тэрнээс ямар нэг барьцаагүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санал УИХ-д давамгайлж байсан. Нөгөө талаас “Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан. Тийм учраас энэ Засгийн газар барьцаатайгаар, ихээхэн хүнд нөхцөлд үлдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.
 
МАН бол элдвээр хэлүүлж доромжлуулсан боловч хойч үедээ хэрэгтэй түүхэн шийдвэр гаргахад нөлөө бүхийн оролцоотой байсныг хэлье. Бас их зарчимтай,байр сууриндаа хатуу, зөв зүйлд зангидагдаж саналаа өгсөн МАН-д талархалаа илэрхийлэх ёстой.