sonin.mn

Аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэд НӨАТ-ын урамшууллаа авч чадахгүй байгаа талаар Гааль татварын ерөнхий газар /ГТЕГ/-ын дарга С.Пүрэв мэдээлэв.

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд нэг сар болж байна. Өнгөрсөн хугацаанд ГТЕГ болон НӨАТ-ын урамшуулал, сугалаа зохион байгуулах нэгжээс хоёр удаагийн сугалааг амжилттай зохион байгуулжээ. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд ГТЕГ-т НӨАТ-ын баримтаа ирүүлээгүйн улмаас иргэд урамшууллаа авч чадахгүй байна хэмээн С.Пүрэв дарга хэллээ.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд өмнө нь НӨАТ төлөөд 1000 төгрөгөөр борлуулдаг байсан бүтээгдэхүүнийг хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 1100 төгрөгөөр борлуулж, иргэдэд хохирол учруулж байна гэсэн гомдол ч ГТЕГ-т иржээ. НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн нь үнэ нэмэх шалтгаан болохгүй гэдгийг С.Пүрэв дарга онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Өмнө нь 1000 төгрөгөөр борлуулж байсан бүтээгдэхүүнд НӨАТ шингэдэг байсан. Тиймээс аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг буруугаар тайлбарлан иргэдийг хохироож болохгүй. Баримт хэвлэж өгдөггүй, зохиомлоор үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна.

Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүд нь баримт хэвлэх кассын машин өндөр үнэтэй тул худалдан авч чадахгүй байна гэсэн шалтгаанаар баримт хэвлэж өгөхгүй байна гэсэн гомдол ГТЕГ-т ирсэн. Баримт хэвлэхгүй байгаагаас иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо авч чадахгүй байна. Гадуур кассын машин 4 сая гаруй төгрөгийн үнэтэй байна гэсэн ташаа мэдээлэл тархсан байна.

Оны эхэнд кассын машин борлуулах 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол эдүгээ 34 болж нэмэгдсэн. Баримт хэвлэх машин 50-100 мянган төгрөгийн үнэтэй байна. Тиймээс ташаа мэдээлэл түгээж, иргэдийг хохироохоо зогсоох хэрэгтэй.” хэмээв.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг