sonin.mn

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хилийн хэсэгт хил зөрчих явдал өмнөх жилийнхээс 18.7 хувь өссөн  гэж тус  аймгийн Зэлтэрийн заставийн  албаныхан мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард  ОХУ-ын талаас тус улсын 3 иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын хилийг зөрчин нэвтэрсэн хэрэг гарав. Мөн Монгол талаас 8 удаагийн үйлдлээр 31 иргэн ОХУ-руу хил зөрчсөн. Мөн хоёр улсын хилээр 617 тооны  мал хил давсан зөрчлийг илрүүлжээ. Тус хилийн цэргийн анги нь ОХУ-тай хиллэсэн 241 км хэсгийг хариуцан ажилладаг бөгөөд дээрх хэсэгт ой мод ихтэй тул ой хээрийн түймрийн эрсдэл ч ихтэй гэж тус ангийн захирагч онцлов. Өнгөрөгч 2015 онд зөвхөн ОХУ-ын талаас гэхэд 15 удаагийн ой хээрийн түймэр гарснаас хоёр түймэр хил дамнан гарсан байна. Сүүлийн үед ОХУ-аас хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан хэргүүд гарах болжээ. 

Мөн Монгол талаас шонхор шувууг хил давуулахыг завдсан хэрэг ихэссэн байна. Тиймээс хилийн цэрэг, тагнуул, цагдаагийн алба хаагчдын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Ханхын боомтоор 40 ширхэг шонхор шувуу  хил давуулах гэж байсныг илрүүлсэн. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн заставийн хариуцсан хэсэгт нэмэгдэж болзошгүй болсныг  албаныхан анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг