sonin.mn
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.
 
             "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” 2015 оны шагналд нэр дэвшүүлсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Хуралд ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Хэвлэл, мэдээллийн албан дарга П.Сайнбилэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Галбаатар, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Монголын бүтээмжийн төвийн дарга Д.Амарсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми нарын ажлын хэсгийн гишүүд оролцож, саналаа өгөв.
 
            “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд журмын дагуу 30 орчим бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бичиг баримт ирсэн байна.
 
             Ажлын хэсгээс “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч танилцуулан, санал авсан бөгөөд саналыг нэгтгэж, өндөр оноо авсан эхний 5 бүтээн байгуулалтыг шалгарууллаа.
 
            Шалгарсан 5 бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх бүтээн байгуулалтаас 3 хүртэлх бүтээн байгуулалтыг сонгон, зарлиг гаргаж, сар шинийн баярыг тохиолдуулан шагнах юм.