sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын цагдаа нар 21 сэжигтнийг баривчлан 50 тэрбум орчим юань буюу 7.6 тэрбум долларын иргэдийн мөнгийг луйвардсан санхүүгийн залиланг илрүүлжээ.

Иргэд оруулсан хувь нэмрээсээ ирээдүйд ашиг хүртэх зорилгоор мөнгө илгээж байсан “Ezubao” гэдэг онлайн-платформ нь 900 мянга орчим үйлчлүүлэгчтэй байна. Уг платформыг байгуулагчид үйл ажиллагаагаа явуулахдаа санхүүгийн пирамидын журмыг ашиглаж байжээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд “Ezubao”-г 2014 оноос ажиллуулж эхэлсэн “Yucheng Group” компанийн тэргүүн Дин Нин гэгч байгаа тухай мэдээлж байна. Түүнийг луйврын төсөлдөө шинээр хөрөнгө оруулагчдыг татсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр шинээр оролцогчдод жилийн ашгаасаа хоёр дахин илүүг амласан байна.

“Ezubao”-гийн төслүүдийн 95 хувь нь хуурамч байжээ. Уг онлайн-платформын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сараас эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Үйл ажиллагааныхаа ул мөрийг нуун дарагдуулахын тулд “Ezubao”-гийн менежерүүд данс тооцооны бүртгэл бүхий 1200 гаруй номыг Аньхой мужид зургаа гаруй метрийн гүнд булсан байжээ. Цагдаа нар нуусан бичиг баримтуудыг хоёр экскаватороор ухаж гаргасан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг