sonin.mn

Сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны Ажлын хэсгийн ахлагч Д.Баяндүүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-УИХ болон аймаг нийслэлийн сонгуульд энэ жил хэдэн нэр дэвшигч өрсөлдөх төлөвтэй байна вэ?

-2012 оны сонгуульд 13 намаас УИХ-ын сонгуульд 540, аймаг, нийслэлийн сонгуульд 2200 орчим нэр дэвшигч өрсөлдөж байсан. Энэ жилийн тухайд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 улс төрийн нам байгаа гэсэн тоо гаргаж өгсөн. Эдгээрээс нэр дэвшинэ гэвэл өмнөх тоо өсөх магадлалтай. Мажоритар системээр буюу тойрогт нэр дэвших дэвшигчдийг л бүртгэдэг байсан бол одоо бүх нэр дэвшигчдийг СЕХ бүртгэнэ. Мөн нэр дэвшигчдийг бүгдийг нь саналын хуудсанд бичих учир хуудасны хэмжээ өөрчлөгдөх байх.

-Санал авах хуудасны хэмжээг тогтоосон уу?

-Тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар 1 м 40 см байх тооцоо гарсан. Гэхдээ сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдийн тоог харгалзан үзээд тухайн үед өөрчлөгдөх байх.

-Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тохиолдол юу байх вэ?

-Нэр дэвшигчдийг хуульд заасан үндэслэлээр бүртгэхгүй байх эрх СЕХ-нд бий. Жишээлбэл сонгуулийн жил эхэлснээс хойш сонгогчдыг татах зорилгоор бэлэн мөнгө тараасан, дайллага, цайллага хийсэн, хөнгөлөлттэй үнээр үйл ажиллагаа явуулсан, гадаад дотоодод аялуулсан гэх мэт зөрчил гаргасан эрх бүхий байгууллагаар тогтоогдвол СЕХ нэр дэвшигчийг бүртгэхгүй эсвэл нэр дэвшигчийг эргүүлэн татна. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн төлөөллийн квот нийт нэр дэвшигчдийн 30 хувь байна гэж хуульд заасан байгаа. Энэ тоонд хүрэхгүй бол СЕХ тухайн нам эвслээс нэр дэвшигчдийг бүхэлд нь бүртгэхээс татгалзах эрхтэй.

-Энэ удаагийн сонгууль урд өмнөхөөсөө нэлээд ялгаатай, өөрчлөлттэй болно. СЕХ бүх үйл ажиллагааг гардаж явуулах бэлтгэлээ бүрэн хангасан уу?

-СЕХ байнгын үйл ажиллагаатай, нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага. Харин энэ онд УИХ, аймаг, нийслэлийн ИТХ болон 10 дугаар  сард сум, дүүргийн ИТХ-ыг зохион байгууллах гэж байна. Үүнээс гадна урд өмнөхөөсөө олон нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг өөрчлөх гээд СЕХ өндөр ачаалалтай, маш шахуу ажиллах болж байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг