sonin.mn

Хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээндээ тодорхой өөрчлөлт оруулаад буй “Юнивишн” ХХК-ийг шалгаж, хэд хэдэн зөрчил илрүүлэн, албан шаардлага хүргүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хоёрдугаар сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн “Юнивишн” компани гурвалсан үйлчилгээний хэрэглэгчдийнхээ интернетийн багцад өөрчлөлт оруулж, хэрэглээнээс шалтгаалан интернетийн хурдыг хязгаарлаж байгаа. Харин энэ шийдвэр нь Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгааг ШӨХТГ-аас шалган тогтоож, албан шаардлага хүргүүлжээ. Тодруулбал “Юнивишн” анх хэрэглэгчтэйгээ хийсэн гэрээндээ багцын сонголтоос шалтгаалан интернетийн хурдыг 3-15 mbps байна гэж зааж өгсөн. Гэтэл хэрэглэгчийн багцаас шалтгаалан тодорхой дата хэрэглэсний дараа интернет хурдыг хязгаарлагдмал болгож өөрчилж байгаа юм.

Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэглэгчтэйгээ байгуулсан гэрээндээ Гурвалсан үйлчилгээний багцаар үзүүлэх сувгийн мэдээллийг тодорхой тусгаагүй, “гэрээ, гэрээний хавсралт болон үйлчилгээний тарифт нэмэлт өөрчлөлт оруулах бол боломжит мэдээллийн хэрэгслийн аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлт орсонд тооцно” гэсэн заалтыг гэрээндээ тусгаж өгсөн зэрэг нь  Иргэний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байгаа аж. Тухайлбал эдгээр заалтуудад “зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарлах, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашиглахыг хориглох”, “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангах”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглох” зэрэг зохицуулалт орж байгаа юм.

Түүнчлэн “Юнивишн” компани “Эс пи эс эйч ди” ХХК-тай SPS world hd сувгийг төлбөргүй, SPS prime hd, SPS action hd, SPS plus hd гэсэн гурван сувгийг төлбөртэй дамжуулах гэрээг энэ оны 11 дүгээр сарын 1-нийг дуустал хугацаатай байгуулжээ. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, хөлбөмбөгийн Премьер лигийн тоглолтыг сүүлийн хоёр сарын хугацаанд дамжуулахдаа чанар муу, HD форматаар гаргаагүй зэрэг зөрчлийг удаа дараа давтсаныг тогтоожээ.

Тиймээс “Юнивишн” компанийн хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироосон болон хууль зөрчсөн дээрх үйлдлүүдээ яаралтай залруулж, зөрчлөө арилгах талаар ШӨХТГ-аас шаардлага хүргүүлсэн байна. ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр энэ талаар “”Юнивишн” компанийг Цагаан сараас өмнө зөрчлөө арилгахыг шаардсан. Хэрэв энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол хуульд заасан арга хэмжээг авч, торгууль ногдуулна” гэсэн юм. Хэрэв тухайн компанид мөнгөн торгууль ногдуулбал 10-20 сая төгрөгөөр эсвэл жилийн орлогын тодорхой хувиар нь торгох юм байна. 

С.Сайнзаяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг