sonin.mn

Монголчууд “Торгоны ” замын талаар “Цайны” замаас илүү мэддэг юм билээ. Гэтэл “Цайны ” зам нь манай орны түүхэнд илүү их нөлөө үзүүлсэн гэж би боддог. Иймд “Цайны” замын талаар товч өгүүлснээ сонирхолтой байх болов уу хэмээн уншигч Та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

“Цайны”замын түүх

1689 оны наймдугаар сарын 28-нд одоогийн Дорнод аймгийн цаахантай байдаг Нэрчүү голын эрэг дэх Нэрчинск гацаанд Оросын Романов хааны болон Хятадын Чин улсын төлөөлөгчид нэгэн гэрээ байгуулжээ. Энэ нь хоёр орны түүхэн дэх анхны гэрээ байсан бөгөөд хожим Нэрчүүгийн гэж нэрлэгдэх болсон бөлгөө.

Уг гэрээгээр хоёр улсын хилийг тогтоож, харилцан худалдаа хийхээр тохирсон ч зам харилцаа муу, зарим зүйл тодорхойгүй байснаас уг гэрээний худалдаатай холбоотой заалт хэрэгжихгүй байсаар 1727 оны наймдугаар сарын 20-нд Буурын гэрээгээр хоёр улсын хилийг тодотгож, мөн оны аравдугаар сарын 21-нд байгуулсан Хиагтын гэрээгээр хоёр орны хооронд худалдаа хийх үндсэн зарчмуудыг тодорхойлж, худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Эдгээр гэрээний үндсэн дээр Оросын тал Хиагтад, хятадууд хилийн нөгөө талд нь Маймаачин нэртэй худалдааны боомт байгуулж, хоёр орны хоорондох худалдааг эдгээр боомтоор бараг 300 орчим жил хийсэн юм. 1869 онд Суэцийн суваг нээгдэж, XIX зууны сүүл үеийн Хиагт 1903 онд Транссибирийн төмөр зам ашиглалтад орсноор ач холбогдол нь нэлээд буурч улмаар 1911 оны Синхайн хувьсгал, Дэлхийн I дайн, Октябрийн болоод Монгол оронд өрнөсөн Ардын хувьсгалын улмаас үлэмж багассан ч 1927 он хүртэл тодорхой хэмжээгээр үргэлжилсэн түүхтэй.

Хиагт-Маймаачингийн боомтоор Хятадын талаас зөөдөг гол ачаа нь цай байсанучраас уг боомтыг дайран өнгөрөх замыг “Цайны” хэмээн нэрлэх болжээ. Бараг 9000 километр үргэлжлэх “Цайны” замын эцсийн цэг нь Оросын Москва хот. Хятадын өмнөд болон төв хэсэгт ургуулж хураасан цайг Хаалганд авчирч тэндээсээ Замын-Үүд, Чойр, Хүрээгээр дайруулан Хиагтад хүргэдэг байж. Цайг малын нойтон арьсанд боож тэмээн жингээр зөөнө. Нэг удаагийн жингийн цуваанд 1000 хүртэл тэмээ ачдаг, нэг тэмээ нуруундаа200 кг, тэргэнд хөллөсөн үед 400 кг ачаа тээвэрлэдэг, хоногт 30-40 километр газар туулдаг байжээ. Байгаль, цаг уурын онцлогоос болж жинг намар, өвлийн улиралд хийнэ. Хаалганаас Хиагт хүртэл Их говь, уул тал бүхий урт замыг 30-40 хоногт туулдаг байжээ. Цайнаас гадна торго, шаазан эдлэл бас зөөдөг байв.

 

Тэмээн жин Хиагтаас буцахдаа голдуу ангийн арьс, ноосон даавуу (заримдаа бүр Англи, Германд үйлдвэрлэсэн), сүүлдээ хөвөн даавуу зэрэг бараа зөөдөг байсан гэдэг.

Хиагтаар хийдэг байсан худалдаа нь тухайн үеийн Оросын хувьд хамгийн ашигтай гадаад худалдаа байсан гэж судлаачид бичсэн байх юм билээ. XIX зууны үед Хиагт саятан худалдаачдын тоогоороо Москвагийн дараа ордог байсан гэдэг. 1881 онд Хиагтад очсон АНУ-ын сэтгүүлч Ж.Кеннан тус боомтоор жилд 10-15 сая ам.долларын үнэ бүхий бараа орж гардаг тухай бичсэн байдаг (энэ мөнгийг одоогийн ханшид шилжүүлбэл маш их тоо гарах байх). XIX зууны дунд үеийн Хиагтыг бас тухайн үеийн Хонконгтой ч зүйрлэх нь бий. Ер нь одоогийнхоор бол Хиагт болон Маймаачинг чөлөөт худалдааны бүс байсан гэж хэлж болох юм.

“Цайны” зам нь Монголын, ялангуяа манай нийслэлийн түүхэнд чухал нөлөө үзүүлсэн. Олон өдөр аялж яваа жинчид Сибирийн тайгын хамгийн өмнөд хэсэг, их аян замын бараг голд нь байрлах Богд уулын ар, хатан Туулын эрэгт заавал буудалладаг, энэ газарт Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатарыг байгуулсан нь санамсаргүй явдал биш.

Өөрөөр хэлбэл, хутагт хувилгаадаас илүү жинчдийн сонголт хийсэн газар хожим лам хуваргууц сүм, хийд байгуулан суурыниж, улмаар Хүрээ болон тэлсэн юм.

Хүрээ нь Орос, Хятадыг холбосон худалдааны гол зам буюу “Цайны” зам дээр байгаа учраас тэнд 1786 оноос Манжийн амбан суурин их болж, 1861 оноос Оросын Консулын газар байгуулагдсан нь Ар Монголд төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн суурин газар болсныг нотолсон гэж болно. Түүгээр ч зогсохгүй Хүрээ нь яваандаа Монголын засаг захиргаа, шашны төдийгүй олон улсын худалдааны томоохон төв болтлоо хөгжжээ. Хятад, Оросоос ирсэн барааг чухамхүү Хүрээнээс Монголын нутгаар түгээх болсон байна.

Нөгөө талаар монголчууд бараг 300 жилийн тэртээгээс Орос, Хятадыг төдийгүй Ази, Европыг холбосон транзит тээвэр эрхэлж байжээ гэж хэлж болно.

ШИНЭ ЦАГИЙН “ЦАЙНЫ” ЗАМ

1946 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 1947 оноос 1956 оны хооронд тавьсан “Улаанбаатар төмөр зам”-ын маршрут нь “Цайны” замтай давхардаж байгаа тул түүнийг шинэ цагийн “Цайны” зам гэж хэлж болох бүрэн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Транс Монголын уг төмөр зам өмнөх “Цайны” замын нэгэн адил Орос, Хятад хоёр улсыг төдийгүй Ази, Европыг холбосон худалдааны гол замын үүргийг амжилттай биелүүлж байна. Энэ төмөр замтай Монгол орны хөгжил ч шууд холбоотой. Өнөөдрийн Улаанбаатарын байшин барилгууд, Дарханы үйлдвэрүүд, “Эрдэнэт” үйлдвэр чухамхүү энэ төмөр замын ачаар л сүндэрлэн боссон.

Энд төмөр замын талаар арай дэлгэрэнгүй өгүүлье. XIX зууны үед төмөр зам нь улс орны эдийн засгийн хөгжилд төдийгүй бүрэн эрхт байдалд нь шууд нөлөөлдөг байлаа. Жишээлбэл, XIX зууны сүүлчээр тухайн үеийн хөгжингүй орнууд Хягадад төмөр зам барих эрх авч зам барьснаар ойр хавийн нутгийг нь өөрийн нөлөөний бүс болгодог байв. Тэр үед  Хиагтаас хүрээ хүртэл, мөн Хаалганаас Хүрээ хүртэл төмөр зам тавихаар ярьж байсан боловч санхүүгийн болоод бусад олон учир шалтгааны улмаас биелээгүй юм. Хэрэв аль нэгийг нь тавьсан бол Монгол орны өнөөгийн дүр зураг их өөр байх байсан болов уу. Тухайн үед нэг километр төмөр замыг арчилж ажиллуулахад 20-25 хүн хэрэгтэй байдаг байжээ.

Цөөхөн хүн амтай нүүдэлчин монголчууд ийм ажил хийж чадахгүй нь мэдээж учир гаднын ажилчид суурьшин ажиллах байсан байх л даа.      Дэлхийн II дайны дараа манай улсын статус-кво олон улсын хэмжээнд баталгаажсан, бас найрсаг харилцаатай хоёр улстай хиллэх болсноор нөхцөл байдал өөр болж өнгөрсөн зууны дундуур ЗХУ-ын тусламжаар барьсан “Улаанбаатар төмөр зам” Монгол оронд хөгжил авчирсан.

Хуучин “Цайны” замын маршрутын дагуух төмөр замтай зэрэгцээд бас авто зам ашиглалтад орлоо. Цаашилбал, Орос, Хятадыг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан шугам, хийн хоолойг ч энэ маршрутаар тавих судалгаа хийж байна. Мөн Орос, Хятадыг холбосон агаарын зам ч гэсэн энэ маршрутын дээгүүр өнгөрдөг. Одоо ашиглаж байгаа эдгээр зам, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийг манайхан “Талын зам” гэж сүүлийн үед нэрлэх болсон, болохгүй ч юу байх билээ.

Сүүлийн үед “Цайны” замын сэдвээр Монгол, Орос, Хятадын эрдэмтэн судлаачид уулзалт, хурал хийж, аялал жуулчлалын компаниуд янз бүрийн аялал зохион байгуулах болсон нь сайшаалтай.

Дүгнэж хэлбэл, дэлхийн хамгийн том газар нутаггай, байгалийн хамгийн их баялагтай ОХУ, хамгийн олон хүн амтай, эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг бүхий БНХАУ-ын хооронд байрлах Монгол орон “Цайны” замын дагуух тээврийн дэд бүтцийг хөгжүүлснээр эдийн засгийн асар их үр ашиг хүртэх бололцоотой юм.

 

Элчин сайд асан Л.Хангай

 

Элчин сайд асан Л.Хангай