sonin.mn

Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр “Мобиком корпораци” ХХК-ийг ШӨХТГ-аас 2.3 тэрбум төгрөгөөр торгожээ.

“Мобиком” компаниас дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессеж бичих эрх бүхий, 90 хоногийн хугацаатай урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугаар гаргаж тус бүрийг нь 20 төгрөгөөр худалдаалсан. Харин энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна гэж ШӨХТГ-аас тогтоожээ.

Өөрөөр хэлбэл мөнгө төлж, цэнэглэлт хийлгүйгээр 20 төгрөгөөр дугаар, үйлчилгээ худалдан авч, дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд нэг минут тутамд 0 төгрөгөөс бага зардлаар яриа хийж, мессеж хязгааргүй бичих, бусдаас дуудлага хүлээн авч үйлчлүүлэх зэрэг боломжтой байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буй аж.

Үүнээс гадна “Мобиком” энэ үйлчилгээнийхээ талаар интернет, хэвлэмэл танилцуулга, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан нь “давамгай байдалтай аж ахуйн нэгж бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон нийтэд сурталчилж байгаа нь өрсөлдөөнд харш зар сурталчилгаа болсон” гэж үзжээ.

Тиймээс ШӨХТГ “Мобиком” компанийг уг урамшуулалт үйлчилгээ болон зар сурталчилгаагаа зогсоох, зөрчлөө арилгахыг шаардаж, Өрсөлдөөний тухай хуулийг үндэслэн 2.3 тэрбум төгрөгөөр торгожээ. Харин “Мобиком” ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ын дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа аж.

С.Сайнзаяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг