sonin.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргах ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол бичиг болон монгол, англи хэлээр хэвлэн, иргэдийн гарт хүргэхэд бэлэн болгожээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч  “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай”  зарлиг гаргаж түүнийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас  “Хөрөнгө гаргах тухай”  тогтоол баталсан. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх ажлын хүрээнд иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргасан байна.

Мөн үүнээс гадна “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 16 боть, “Монгол Улсын олон улсын гэрээний түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 40 боть, “Их Засаг”-ийн эхийг туурвин бүтээх, хүүхдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн комикс ном болон “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” баримтат кино хийхээр төлөвлөжээ.

Дээрх ажлыг Үндсэн хуулийн цэц хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон Шинжлэх ухааны Академитай хамтран ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хийж байгаа юм. 

Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг