sonin.mn

Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Д.Сүхбаатар жанжин 1893 оны 2 дугаар сарын 2 нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Дамдины гэрт төрсөн.  Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ амь зуулганд тусалдаг байв.

Түүний эцэг Дамдин хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв. Д.Сүхбаатар 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болжээ. Мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт Хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ.

Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд Монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болжээ.

Тэрбээр 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, 1921 оны 2 дугаар сараас Ардын журамт цэрэгт элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 3 дугаар сарын 6-нд Ардын журамт цэргийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон байна. Тэрээр 1921 оны 3 дугаар сарын 24-нөөс 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Д.Сүхбаатар нь 1921 онд Зөвлөлт Орос улстай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед насан эцэслэсэн байна.

Түүхчид түүний үхлийг хоёр янзаар тайлбарладаг бөгөөд хорлогдож эсвэл хүнд өвчний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч тохиолдол нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Монголын зарим уран сайхны кинонууд дээр хорлогдож нас барж буйгаар гардаг. 

Д.Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ!”, “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” хэмээн гэрээсэлжээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг