sonin.mn

ЛОНДОН. /BBC/. “Google” компанийг эзэмшигч “Alphabet” корпораци дэлхийн хамгийн үнэтэй компани болжээ. Ашиг орлогынхоо тайланг нийтэлсний дараа тус корпораци “Apple” компанийг ардаа орхиж, нэгдүгээрт бичигдсэн байна.

“Alphabet”-ийн тайлангаас үзвэл, тус корпорацийн 2015 оны дөрөвдүгээр улирлын цэвэр ашиг нэг жилд 200 сая доллароор өсч, 4.9 тэрбум доллар болжээ. Тайлангаа нийтэлсний дараа “Alphabet”-ийн хувьцаа арилжаа дуусахад 9 хувиар өссөн байна.

Одоогийн байдлаар “Alphabet” корпорацийн хөрөнгө 568 орчим тэрбум доллароор үнэлэгдэж байгаа бол “Apple” компани 535 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй аж.

Хайлтын систем, “Android” үйлдлийн систем болон “YouTube” цахим хуудсыг эзэмшдэг “Google” корпораци нь 2015 оны 10 дугаар сарын 2-нд “Alphabet” холдингийн бүрэлдэхүүнд орсон юм. “Google”-ийг үүсгэн байгуулагчдын нэг болох Ларри Пейж “Alphabet”-ын ерөнхий захирал болсон бол хамтран үүсгэн байгуулагч Сергей Брин ерөнхийлөгч болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг