sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд тархсан "Зика" вирусийн халдвар тус улсын Рио-де-Жанейро хотод наймдугаар сард болох ёстой Олимпын наадмыг цуцлахад хүргэхгүй. Энэ тухай Бразилын Ерөнхийлөгчийн иргэний хэрэг эрхэлсэн газрын дарга Жакис Вагнер даваа гарагт мэдэгджээ.

Үүний сацуу тэрбээр уг вирус нь жирэмсэн эхчүүдэд аюул учруулж байгааг цохон тэмдэглэсэн байна. “Жирэмсэн эхчүүдийн хувьд эрсдэлийг би ноцтой гэж хэлнэ. Хэрэв тэд энэ эрсдэлд өртөхийг хүсэхгүй байгаа бол мэдээж хэрэг тэдэнд Олимпын үеэр Рио-де-Жанейрод ирэхгүй байхыг зөвлөж байна” гэж тэрбээр онцлон дурджээ.

Өмнөд болон Хойд Америкийн орнуудад тархаад байгаа "Зика" вирусийн халдвар нь олон улсын эрүүл мэндийн хувьд онцгой байдал үүсгэж байгааг Дэлхий эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт хүлээн зөвшөөрсөн байна. Энэ өвчинтэй тэмцэхэд болон судалгаа явуулахад зохион байгуулалттай арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардаж байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чэнийн хэлжээ.

Жирэмсэн эхэд "Зика" вирус халдварласан тохиолдолд ураг микроцефаль буюу төрөлхийн гажигтай болдог болохыг Бразилын Эрүүл мэндийн яам 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр нотолсон байна. "Зика" вирустэй эхээс маш жижигхэн гавлын ястай, оюуны хомсдолтой, мэдрэлийн эмгэгтэй, хараагүй, сонсголгүй хүүхэд төрдөг байна. Уг вирусийн нянг тээгч нь “Aedes Aegypti” гэдэг шумуул юм.

Одоогийн байдлаар Бразилын 27 мужийн 22-т нь уг вирусийн халдвар тархсан байна. "Зика" вирус тархсантай холбоотойгоор ДЭМБ-тай болон Риогийн олимпын наадмыг зохион байгуулагчидтай байнгын холбоотой ажиллаж байгаагаа Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах урьд нь мэдээлжээ.

2016 оны олимпын наадам Бразилын Рио-де-Жанейро хотод наймдугаар сарын 5-21-нд болно.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг