sonin.mn

Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо.

Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар сонгосон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээс үзэхэд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Бүтээн байгуулалт 4 жил үргэлжилнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулна

УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд заасан 2015 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралтад заасан, бодит гүйцэтгэл нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр бүхий, мөн “Барих-шилжүүлэх” концессын хэлбэрээр хэрэгжүүлж, ажил нь дууссан энэ тогтоолын 1-2 дугаар хавсралтад заасан төсөл арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Векселиэр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу 2017 оны Улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Болор, төсөл арга хэмжээний санхүүжилтийг вексель эзэмшигчдэд олгохыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ оны нэгдүгээр сарын 25-нд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар гарын үсэг зурж баталгаажуулаад байгаа юм. Тус хэлэлцээрийн 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. 

2010 оны нэгдүгээр сард хоёр улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг байгуулж байсан. Энэ хүрээнд 1973 онд БНУУ-ын техник эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан. Төслийг хоёр үе шаттай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн хэдий ч шалгарсан компани заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон. Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээр хоёр жилийн хугацаанд хүчинтэй байсан бөгөөд 2012 оны тавдугаар сард дуусгавар болж, Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэх төслийг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Биокомбинатад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр орчин үеийн өндөр мэдрэмжтэй, нарийвчлал өндөртэй багаж хэрэгсэлтэй болж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр гадаадаас импортолж хэрэглэдэг шүлхий, шувууны томуу зэрэг өвчнүүдээс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна

 

Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг үнэгүй олгох, 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгоно. Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 2 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Улсын нөөцөөс олгосон автомашиныг энэ оны хоёр, өвс тэжээлийг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно

УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа.

Хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртлэх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байгаа бөгөөд цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгоно.

Тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгоно гэж журамд заажээ.

Товч мэдээ

 

  • - Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдэд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
  • - Байгалийн архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнтэй холбогдуулан зарим арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
  •  
  • - Засгийн газрын 2016 оны тогтоолоор баталсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор тус тус баталлаа.
  • - БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан-ы 2015 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгав.
  • - 2016 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
  •  
  • - Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  
  •  
  • - “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-аар орлогоо ил болгон шимтгэл төлсөн иргэд тэтгэврээ шинээр болон өөрчлөн тогтоолгохоор мэдүүлсэн баримт бичиг, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын үндэслэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шалгаж, иргэдийн тэтгэврийг шинээр болон өөрчлөн тогтоох ажлыг энэ сарын эхний өдрөөс хэрэгжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад даалгалаа.
  •  
  • - Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.