sonin.mn

ПАРИС. /Prensa Latina/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро нар хоёр талын харилцааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Өнөөдөр бид хоёр талын харилцаанд шинэ хуудас нээлээ гэж Елисейн ордонд болсон хэвлэлийн хамтарсан бага хурлын үеэр Олланд мэдэгдэв.

Аялал, жуулчлал, тээврийн салбар дахь эдийн засгийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан тэрбээр, Кубын худалдааны гол түншүүдийн нэг бол Франц гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр, “12 дугаар сарын 12-нд Куба болон Парисын клуб хооронд байгуулсан Кубын өрийн асуудлыг зохицуулах тухай гэрээний ачаар хоёр улсын харилцааг бэхжүүлэх зам нээгдэж байгаа бөгөөд цаашид бид соёлын хамтын ажиллагаа явуулж, их сургуулийн солилцоо хийх замаар хоёр талын харилцааг бэхжүүлэх хүсэлтэй байна. Мөн дэмжиж болохуйц төслүүдийг тодорхойлохоор Францын Хөгжлийн агентлаг ажиллаж байна” гэж мэдэгдэв.

Харин Рауль Кастро, урт хугацааны соёлын холбоос болон найрсаг харилцаагаар хоёр улс холбогддог болохыг онцолсон байна.

Кубын Ерөнхийлөгч анх удаа Франц болон ЕХ-ны гишүүн оронд айлчилж байгаа нь энэ билээ. Энэ айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаатай болохыг болон өндөр түвшний улс төрийн яриа хэлцээ хийх харилцан хүсэл эрмэлзэлтэй болохыг илтгэж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, бид хоёр талын асуудлаар үр дүнтэй хэлэлцээнүүд хийж, улс төр, эдийн засаг-худалдаа, санхүү, эрдэм шинжилгээ болон соёлын салбарт хамтран ажиллаж, хоёр талын харилцааг төрөлжүүлж, өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа баталсан гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг