sonin.mn

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид түүний хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгч, МАН-ыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатарын түүх Монголын өнөөгийн ололт, амжилттай салшгүй холбоотой гэдгийг МАН-ын дарга М.Энхболд цэцэг өргөх ёслолын үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Д.Сүхбаатар 1912 оноос цэргийн эрдэмд суралцаж, хувьсгалт үйл хэрэгт оролцож. 1921 онд Монгол цэргийн жанжнаар томилогдон Хиагтыг чөлөөлөх хувьсгалт үйл ажиллагааг зохион байгуулсан. Улмаар Монгол Улсад анх удаа улс төрийн нам байгуулсан нь өнөөгийн МАН юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тэмцэж байсан түүхэн хүмүүсийн үйл хэрэг, гавъяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах чиглэлд бид анхаарч ажиллах ёстой. ОХУ-д очиход Д.Сүхбаатарын Москвад очихдаа байрлаж байсан буудлын өрөө, хананы бичиг зэргийг нь өнөөг хүртэл хадгалж үлдсэн байдаг. Гэтэл Монголын зарим улс төрчид Д.Сүхбаатар жанжны талбайн нэрийг өөрчлөх зэргээр түүхийг өөрчлөн гуйвуулах, үгүйсгэх үйл ажиллагаа зохион байгуулах болсон. Энэ бүхнийг зөв голдиролд нь оруулах нь зөв юм” гэлээ.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг