sonin.mn

2016 оны эхний хоёр сарын хүүхдийн мөнгө болох 40 мянган төгрөгийг Цагаан сараас өмнө нэгтгэж олгохоор Засгийн газрын хуралдаанаар өчигдөр шийдвэрлэснийг Засгийн газрын ХМОНХА-ны дарга Б.Цээпил өнөөдөр мэдээллээ. 

Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшнээр ялгаварлан олгохыг болиулж, УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Тиймээс 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн хэвийн олгох зорилгоор "Хүний хөгжил сангаас Хүүхдийн мөнгийг олгох" Засгийн газрын журамд өөрчлөлт оруулсан. Мөн 2016 он гарсаар олголт нь тасраад байсан хүүхдийн мөнгийг 1, 2 дугаар сарыг хамтатган олгохоор болжээ. 

Өнөөдрийн байдлаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамарч өрхийн мэдээллийн системд бүртгэгдэн, мөнгө авах эрх нь нээгдсэн 970 мянган хүүхэд байгаа аж. Харин судалгаанд хамраагүй хүүхдүүдэд өргөдөл өгсөн сараас нь тооцон мөнгийг нь олгох болжээ. Тиймээс иргэд харьяа хороо, сумынхаа нийгмийн ажилтанд хандан өрхийн мэдээллийн системд бүртгэгдсэн эсэхээ шалгуулж, бүртгүүлээгүй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарын хамт өргөдөл бичиж өгөхийг сануулж байна.  

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг